sonin.mn

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.10.23/ хуралдан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав. Дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг хоёр удаа хуралдаад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Ажлын хэсгийн гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан хоёр заалтын эхнийх нь тогтоолын төслийн 1 дэх заалтыг хасах тухай байжээ. Хоёр дахь нь тогтоолын төслийн хоёр дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулахаар тусгасан байна.

“Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн өөрчлөн найруулах санал дэмжигдсэн аж.

Ажлын хэсгийн танилцуулгыг хийсний дараа ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар өөрийн санал, бодлоо илэрхийлсэн. Тэрбээр дээрх саналын томьёолол Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдэн батлагдсан тохиолдолд 2010 онд УИХ-аас батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдаагүй шинэ маршрут бий болж байна гээд дээрх баримт бичигт өөрчлөлт оруулах зарчмаар асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын транзит тээврийн бодлогыг иж бүрэн харж асуудлыг шийдэх ёстой хэмээгээд хариуцсан сайд нь томилогдоогүй байхад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж байсан.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Хөөт гэдэг газраас Нөмрөгийн чиглэлд өргөн төмөр зам, мөн дээрх газраас Бичигт уруу нарийн томөр зам тавих санал яагаад оруулж ирж байгааг тодруулаад Хөөт гэдэг газар төмөр замын зангилаа байх нь тийм ч оновчтой шийдэл биш хэмээсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, баялагтай газраасаа нарийн царигтай төмөр зам тавиад баялгаа зөөгөөд эхэлбэл бид хоосон хоцорно. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрийн тухай ярих аргагүй болно гэж хэлсэн. Тэрбээр салбарын сайд нь томилогдоогүй байхад энэ асуудлыг ярих нь зүйд нийцэхгүй хэмээн саналаа илэрхийлсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.