sonin.mn

ОТТАВА. /Xinhua/. Лхагва гарагийн өглөө хууль тогтоох байгууллагынх нь байрны дотор олон удаа буун дуу гарсантай холбоотойгоор Канадын парламент болон ойр орчмын бүсэд хөл хорьжээ. Үүний өмнө дайны дурсгалын хөшөөний хажууд харуулд зогсож байсан цэргийг зэвсэгт этгээд буудан хөнөөсөн байна.

Сэжигтэн зэвсэгт этгээдийг парламентын байрны дотор буудан устгасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хэргийг үйлдсэнээ хэн нэг этгээд, ямар нэг бүлэглэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.

Парламентын байранд өөр зэвсэгт этгээдүүд байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа бөгөөд нийслэл Оттава хотын худалдааны төв, зочид буудлын ойролцоо ч хэд хэдэн удаа буун дуу гарчээ. Тус улсын цагдаа нар зэвсэгт этгээдүүдийг хайж, энэ хэргийг мөрдөн шалгаж байна.

Ерөнхий сайд Стефен Харпер аюулгүй, явсан байсан гэж Канадын ерөнхий сайдын харилцаа холбооны асуудал хариуцсан газрын захирал Жейсон МакДональд мэдэгдлээ. Канадын Засгийн газрын ордон нь парламентын ордныхоо эсрэг талд байдаг аж.

“Бид аюулгүй. Гэхдээ их айлаа” гэж тус улсын парламентын хэд хэдэн гишүүн “Твиттер”-т жиргэжээ. Цонхноосоо хол байж, хаалгаа цоожлохыг энэ хэргийн дараа Оттавагийн оршин суугчдад цагдаа нар анхааруулсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: