sonin.mn

Хүнийг амьдаар нь өвчиж, зүрхээр нь, туг тахиж явсан Жа лам хэмээх Дамбийжанцангийн туслах Дэрмээбаатарын намтар түүх бүдэг бадаг.

Монголын уран сайх­ны “Ичээнд нь” ки­нонд Дэрмээбаатарыг Мөнхнасангийн дүрээр хагас дутуу үзүүлсэн нь бодит байдлаас тийм их гажаагүй юм шиг санагдана. Тэрээр олонд Дамбийжанцан буюу Дамбийжаа хэмээн нэр­лэгдсэн Жа ламаас илүүтэйгээр хүний зүрхийг сугалах, толгой цавчих дуртай байсан гэдэг.

“Богд хаант Монгол Улсын төрийн зүтгэлтэн, жанжин баатрууд” номонд “Жа ламыг хурал ном айлдаж байхад Дэрмээбаатар орж ирэн “Багшаа хоёр хятад олоод ирлээ. Зүрхийг нь сугалах уу” гэжээ.

Ном айлдаж, мэргэ тавьж байсан Жа багш хя­ламхийн “Би энд ажилтай байна. Цаанаа байж бай” гэсэн аж. Төд удалгүй Дэрмээбаатар сэ­лэмнээсээ цус дуслуулан орж ирээд “Багшаа зүрхийг нь сугал­чихаад ирлээ” гэсэн аж.

Өргөөнд нь цустай сэлэмтэй орж ирэх, нэ­рийг барин аллага үйл­дэх Дэрмээбаатараас Жа лам эмээж түүнийг зог­соож дийлэхгүйгээ мэ­дээд устгасан” гэх утга бүхий хэсэг байдаг юм. Баруун хязгаарын ард түмэн Дэрмээ­баатарыг Дамбий­жанцан­гийн тоодгор хэмээн хочилж түүнээс хойш төр засгийн нэр барьсан, сүр­жигнэсэн, даргын өмнөөс орж далдай­сан нөхдийг адилтган би­түү­хэндээ шоо­лох болсон нь энэ.

Өнгөрөгч есдүгээр сард ийм зүйл болоод өнгөрсөн юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тан­далт судалгаа явуулсан талаараа олон нийтэд мэ­дээлсэн. Судалгаанд 54 хүнсний үйлдвэрийн 274 түүхий эд бүтээгдэхүүн хамрагдсан аж. Нийтийн хоолны 65 цэг салбараас 30 орчим төрлийн амт­лагч, ААН-ийн 40 бүтээг­дэхүүнийг хамруулж тан­далт судалгаа хийсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүнсний аюулгүй байдлын талаар жил бүр судалгаа гаргаж, сонсч байх болсон. Ингэхээс өөр аргагүй юм. Дэлхийн улс орнуудын 12 сая хүн хорт хавдраар өвчилж талаас илүү нь нас бардаг. Харин Манай улсын тухайд жил бүр 5000 хүн хорт хавдраар өвчилж 70 хувь нь нас бардаг гэсэн судалгаа байдаг. Хорт хавдар үүсгэх гол шалтгаан хүнс тэжээл, агаарын бохирдол гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Дэлхийн олон оронд хүний биед хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хориглох, журамлах ажлуудыг хийх болсон. Нэмэлт бүтээг­дэхүү­нээс үүдэн хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, төрөл бүрийн үрэвслээр өвч­лөх магадлал өндөр байгааг тогтоосон юм билээ.

Хүнсний нэмэлт бү­тээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн нэрсийг зарлах шиг амархан зүйл байгаагүй. Ерөнхийдөө бол тодорхой юм билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газ­рын дарга О.Магнай “Хүнсний нэмэлт бүтээг­дэхүүн хэрэглэж байгаа компаниудын нэрийг зарла. Үгүй бол Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржид хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн.

О.Магнай хариуцлага тооцохыг, нэр зарлахыг шаар­дах эрхтэй хүн мөн үү. Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга Г.Баасан­дорж “Би худал зүйл мэдээлээгүй. Ком­па­ниудын нэр төрд хал­дал­гүйгээр хүнсний нэмэлт бү­тээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд алдаа­гаа засаад явчих бо­ломжтой гэж үзсэн” гэлээ. Ком­паниудын нэрийг зар­лачихвал олон аж ахуйн нэгжийн үйл ажил­лагаа доголдоно” гэжээ.

Иргэний хөдөлгөөний О.Магнай Шударга өр­сөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болоод ороо­гүй салбар гэж үгүй.
Шүүх дээр есөн удаа заргаа алдсанаас үзвэл хууль ёсны дагуу ажил­лаагүй гэсэн үг юм. Наад захын жишээ хэлэхэд тэр­бээр “МҮОНРТВ сон­гуу­лиар тархи угаадаг учраас хураамжаа төлөхгүй бай­хыг” уриалсан. Хэрэг­жүү­лэгч агентлагийн даргыг УИХ-аас батласан хууль биелүүлэхгүй байхыг уриал­сан нь хариуцлагагүй үйл­дэл байв.

Таксины үнийг хөөрөгдөж алдааныхаа тө­лөө уучлалт гуйгаад өнгөрсөн. О.Магнайгийн ойворгон мэдэгдлээс болоод таксины үнэ 1000 төгрөг болсон юм. Саяхан өөрт нь үйлчилсэнгүй гэж есөн шүүгчийг мөнгөтэй хү­мүүсийн талд үйлчилсэн хэмээн зарлаж байна лээ. Ямар баримт нотолгоо байгаа юм бэ.

Тэрбээр “Номин”, “Ми­ний дэлгүүр” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдийг тэр­бум төгрөгөөр торгож байгаагаа зарласан. Тэр торгууль хуульзүйн үндэс­гүй гэдэг нь шүүх дээр тогтоогдсон. Олон нийтэд сүртэй мэдэгдэл хийж шүүх дээр унадаг гэдгээ өөрөө ч хүлээсэн байна шүү дээ. Сангийн яамны сайд Ч.Улааныг хүртэл торголоо гэж сүржигнэсэн ч хөшигний цаана юу ч болдоггүй аж.

Улстөрчид түүний шоуг мэддэг учраас инээгээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. “АПУ”-тай тэмцэнэ, Хүүхдийг паркийг булаасан компаниудтай хариуцлага тооцно. Бүх архи, урлагийн тоглолттой ижил үнэтэй байх ёстой гэж ярьсан хүн дээ.

О.Магнайд ороогүй салбар гэж үгүй гэж хэлсэн дээ. Мөн тэр “Орон сууцны үнийг хүртэл буулгана” гэж ярьж байв. Орон сууцны үнийг О.Магнай биш зах зээлийн эрэлт хэрэгцээ буулгадаг гэдгийг олон нийт мэдэхтэйгээ. Хувьчлалаас авчихсан Улсын циркийг буцаана, шатахуун им­портоор оруулж ирсэн компаниудыг торгоно гэж шоудаад таг чиг болсон доо, хөөрхий.

ШӨХТГ-ын дарга О.Магнай “ШӨХТГ далд эдийн засгийг ил гаргана. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өмнө нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждаг байсан. Энэ тогтолцоог халж далд бизнесийг ил болгон улсад төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг чөлөөт зах зээлийн тогтолцоо шил­жүүлж эхэллээ” гэж том мэдэгдсэн. Тун удахгүй улс орныг “соц” нийгэм рүү шилжүүлж буйгаа зарлах л үлдээд байх шиг байна.

Яг л Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд шиг мэдэгдэл хийдэг, тэд нарын урдуур орон О.Магнай энд тэндгүй “тоодгонож” явах юм. Бизнесийн орчинг хаах, нэр төрд халдахыг урилахын зэрэгцээ ажил үүргээ өөрөөс нь илүү хийж төрийн албан хаагч нартай хариуцлага тооцохыг шаардсан бичиг илгээж суух болжээ. Аливаа шоу хэтрэхээрээ юу болдгийг мэдэх болсон л баймаар. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрээр бусдыг айлгах, сүрдүүлэх байдал хэрээс хэтэрлээ.

Т.Цогт-Эрдэнэ

Эх сурвалж: