sonin.mn

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тамхины хяналтын тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж улмаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон нэмэлт оруулсан.

Мөн дээрх хуулиар тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгож байхаар заажээ. Хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй хуулиар 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдсан, түүгээр тамхи худалдуулсан бол ийнхүү зөрчил гаргасан этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зохицуулалт үйлчилж байна.

Хууль санаачлагч хуулийн дээрх зарим зохицуулалтыг амьдрал практикт хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байна. Тухайлбал, манай улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцлийг бий болгож байна.

Иймд практик амьдралд тулгараад буй энэхүү хүндрэлийг арилгах зорилгоор монгол орны нөхцөл байдалд нийцүүлэн “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг “ Тамхины хяналтын тухай хууль хамгийн сайн хэрэгжилттэй хууль гэдгийг хүн бүр хэлдэг. Хууль хэрэгжихгүй байна гэдэг ч амьдрал дээр хэрэгжиж байгаа. Хоёр жилийн өмнө ресторанд гэр бүлээ дагуулаад ороход ямар байсныг бүгд мэднэ.

12, 13, 14 насны хүүхдүүд анх тамхи татаж үздэг. Тэд сургуульд хамгийн ойрхон ТҮЦ-ээс ширхэгээр тамхи худалдаж авах замаар тамхинд орж насан туршдаа тамхичин болох эхлэлээ тавьдаг. Энэ байдлаас сэргийлж 500 метр гэсэн орон зайг хуульд оруулж өгсөн.

Энэ орон зайгаар битгий оролдооч ээ. Эрүүл мэндийн яамнаас “500 метр”-ийн зай амьдралд хэрэгжих боломжтой эсэх эсэх талаар судалгаа явуулсан байгаа. Ингэхэд хөдөө орон нутагт 500 метрийн зай ямар ч асуудал үүсгэхгүй байгаа нь тогтоодсон.

Өнөөдөр иргэд тамхиа хаанаас авах вэ гэдгийг бүгд мэддэг болсон. Тиймээс нэгэнт хэрэгжээд явж байгаа, үр дүн нь гарч байгаа хуулинд өөрчлөлт оруулах гэж битгий зүтгээч ээ. Нийгмийн эрүүл мэнд, түүний дотор эрчүүд урт наслахгүй байгаа нь архи, тамхитай холбоотой” гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, гишүүдэд тараасан танилцуулгад судалгаа бий. Ямар нэг хүний хүсэлт, шаардлагаар энэ асуудлыг оруулж ирээгүй. Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэх үед 500 метр яагаад 300 байж болоогүй юм.

Энэ зайг ямар ч судалгаа байхгүй оруулж ирсэн. Хуулийг хэлэлцэж байх явцад Г.Уянга гишүүн 500 метр гэж хэлээд л энэ дагуу шийдчихсэн шүү дээ. Өнөөдөр энэ нь амьдралд нийцэхгүй байна гэж маш олон хүн хэлж байгаа. Иймээс “500 метр” гэснийг “250 метр”-ийн дотор гэж оруулж ирсэн гэсэн тайлбарыг өгөв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан нар хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачилсан хуулийн төсөлтэй нийлүүлж хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Ингээд гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа Байнгын хорооноос хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувь дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.