sonin.mn

Нийслэл хот байгуулагдсаны 375, Монгол оронд Европийн сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын  үлээвэр найрал хөгжимчдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний зорилго нь цэргийн үлээвэр найрал хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байхад чиглэсэн байна.

Уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Удирдамжийн дагуу уралдааныг концертын хөтөлбөр, хөдөлгөөнт үзүүлбэрийн төрлүүдээр зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 151 дүгээр анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 032 дугаар анги дэд байр, Хилийн цэргийн 243 дугаар анги гутгаар байр, Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр хөгжим тусгай байрт тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх нь үр  дүнтэй арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид үзсэн.

Уралдаанд амжилттай оролцсон үлээвэр найрал хөгжмийн хамтлагуудын шагналыг Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний үеэр буюу энэ сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны талбай дээр гардуулна.