sonin.mn

 Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа өнөөгийн Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлээд, ирэх оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглүүлэхээр зорьж буй тухай мэдэгдэв. (Танилцуулгын дэлгэрэнгүйг линкээр орж үзэх боломжтой)

Мөн сүүлийн 2 жил орчмын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив тасралтгүй буурч, төсөвтэй адилтгах зарцуулалтууд дорвитой буурахгүй байгаа орчинд Монголбанк төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах зорилгоор 2015 онд инфляцийг 7 хувьд, цаашид энэ түвшинд нь тогтворжуулах зорилт тавьж байгаагаа ч дурьдав.

Түүний танилцуулгатай холбогдуулан гишүүдийн асуулт асуух ээлж болоход гишүүдийн зүгээс жил жилд л Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлаад явуулдаг. Гэсэн ч үндсэн чиглэлээ мөрдөж ажилладаггүй. Засгийн газрын зүгээс инфляцийн тогтворгүй байдлын буруутнаар Монголбанкийг гэдэг. Гэтэл танайх Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч инфляци тогтворгүй байна гэдэг.

Иймээс ирэх оны мөнгөний бодлогоо Засгийн газрын үйл ажиллагаа, Төсөвтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байв. Харин С.Дэмбэрэл, Д.Зоригт, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд, Монголбанк сүүлийн 2 жилийн хугацаанд амаргүй нөхцөл байдалд ажиллаж ирсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн тухайд суурь үзүүлэлтүүдийг бодитой гаргаж тавьсан нь инфляцийг тогтворжуулах улмаар нэг оронтой тоонд оруулахад дөхөм болохоор байна хэмээн саналаа хэлж байсан.

Мөн А.Тлейхан гишүүний Сангийн яаманд хандаж тавьсан Оюу толгой төслийн явцын талаарх асуултад Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, төслийн гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа. Одоо хэлэлцээрийн асуудлуудаас хоёр гурван асуудал л үлдсэн байгаа хэмээн хариулсан.

Ингээд тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар С.Дэмбэрэл гишүүнийг санал нэгтэй батлав. Түүнийг мөн уг тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар томилсон.

Дараа нь Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн. Уг хуулийн төслийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөмж болгосны дагуу боловсруулсан байна.

Тэрээр танилцуулгадаа, Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг хамгаалах, улс орны эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зорилгоор зарим төслийг төр хэрэгжүүлэх нь манайд төдийгүй бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдэл хэдий ч нөгөө талаас энэ нэрийн доор төрийн өмчит аж ахуйн нэгж бий болгох явдлыг хэт хавтгайруулах нь хувийн хэвшлийн хөгжлийг боомилох, шударга бус өрсөлдөөн бий болгох суурь нөхцлийн бүрдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар зөвхөн төрийн захиргааны байгууллага болох яамдын дэргэд 20 орчим төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдан ажиллаж байна. Зарим төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдсан төрийн өмчит үйлдвэрийн газрууд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шударга өрсөлдөөний зарчмаар хийгдвэл зохих, хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажлыг зүй бус, илт давуу байдал бий болгон дангаар гүйцэтгэж, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байна.

Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл нь дээрх зарчмыг хэрэгжих механизмыг тогтоосон Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг  хэрэгжүүлэх урьдач нөхцлийг хангах зорилготойн зэрэгцээ сүүлийн үед хэт хавтгайрах үзэгдэл болж буй төрийн өмчит хуулийн этгээдийг олноор үүсгэн байгуулж буй байдлыг хууль гарах хүртэл хугацаанд буюу тодруулбал, төр өөрийн өмчлөлийг хэрэгжүүлэх зүй зохистой механизм бий болох хүртэл түр хугацаагаар хязгаарлах зорилготой боловсруулсан хэмээв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, нийт төрийн өмчит компаниудын хэд нь ашигтай ажиллаж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр хэр алдагдалтай байхаар байгаа тухай асуув.

Түүний асуултад Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, энэ онд 56 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар байгаа. Үүний 60 орчим хувийг Эрчим хүчний салбар эзэлж байна гэв.

 А.Тлейхан, Ц.Баярсайхан, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, С.Дэмбэрэл, Д.Зоригт нарын гишүүд, Төр аль болох аж ахуйн үйл ажиллагаанаас хол байх ёстой. Иймээс ч хуулийн төслийг дэмжиж байна гээд өнөөгийн Төрийн өмчит байгууллагуудын тоо, хууль батлагдвал гарах үр дагаварын талаар хэрхэн төсөөлж буй талаар тодруулж байв.

Энэхүү асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, 2013 оны байдлаар Монгол Улсад нийт 88 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газар Төрийн өмчийн хороонд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээрийн 34 буюу нийт компани, үйлдвэрийн газрын 40 орчим хувь нь алдагдалтай ажилласан тооцоо байгаа. Энэ нь нөхцөл байдал ноцтой төвшинд байгааг илэрхийлж байна.

Төр бизнесийн эрсдлийг татвар төлөгчдийн мөнгөөр хаах эрүүл бус байдалд хүргэж байгаа нь энэ хуулийг батлан гаргах шаардлага бий болоод байна гэв. Түүнчлэн уг хуулийн дараа өргөн барих Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг боловсруулаад дуусч байгаа. Зарим асуудлаар судлаачдын болон мэргэжилтнүүдийн саналыг тусгах шаардлагатай байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч саналаа хэлсний дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.