sonin.mn

“Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Тусгаар тогтнолын Ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Т.Галсандорж мөн Монголын Уул уурхайн ассиоциаци, Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, алт, жонш олборлогчдын холбоо, Монголын геологчдын холбоо, уул уурхайн хөрөнгө оруулагчдын ассиоциаци, ханган нийлүүлэгчид зэрэг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 120 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Монголд уул уурхайн салбар хөгжөөд 90 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч хууль эрх зүйн орчин өнөө хэр хангалтгүй, тогтворгүй байгаа нь хөрөнгө оруулалтгүй болох гол шалтгаан болж байгаагийн дээр баялаг бүтээгчдээ дэмжих төр, засгийн бодлого дутмаг байна гэдгийг тэд шүүмжилж байлаа.


Уул уурхайн салбар нь энэ оны 9р сарын байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь , аж ахуйн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 68.5 хувь, экспортын орлогын 86 хувь, нэгдсэн төсвийн орлогын 20 орчим , гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг бүрдүүлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө буурах хандлагатай байгаа юм.

Манай улс алт, зэс, молибден, цайр, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур, жонш зэрэг 10 гаруй нэр төрлийн түүхий эд олборлодог ч ихэвчлэн анхан шатны боловсруулалт хийж баяжмал болгон экспортлодог.

Өмнөх Засгийн газрын үед экспортын чиг хандлагатай уул уурхайн салбарыг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын хэмжээнд чухалчилан авч үзэж хөрөнгө оруулалчдад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхий чухалчилан ажилласны үр дүнд уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч 2009 онд гэхэд ДНБ-ний 28.2 хувь, үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 65.4 хувийг, экспортын бүтээгдэхүүний 84.6 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байжээ.

Мөн 2009 оны 10р сард Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулснаар томоохон хөрөнгө оруулалт татаж Монголын уул уурхайн салбар дэлхийн түвшинд яригдаж эхэлсэн гэдгийг МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нээлтийнхээ үгэнд онцолсон юм.


Хэлэлцүүлгээр “Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудал, өнөөгийн нөхцөл байдал”, “эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад уул уурхайн салбар дахь төрийн зохистой оролцоог хангах нь”, “эрдсийн бүтээгдэхүүний экспорт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зэрэг сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөөс нээлттэй санал авсан юм. Энэхүү саналыг зөвлөмж болгож УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм.