sonin.mn

НҮБ. /ВВС/. Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа явуулсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн шүүмжиллээ. Саяхан явуулсан цэргийн ажиллагааны үеэр НҮБ-ын байгууламжуудад  халдсан хэргийг шалгуулна гэж тэрбээр хэлэв.

Палестины байдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Бан Ги Мүн мягмар гарагт танилцуулжээ.

Түүний хэлснээр, 100 мянган хүн орон гэргүй байгаа бол, 50 мянган хүн НҮБ-ын байгууламжуудад өнөө хэр нь толгой хоргодож байна.

“Израиль улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах гэснийг би ойлгож байна. Гэхдээ Газын зурвасыг ингэж сүйтгэж, их хэмжээний хохирол учруулснаа юу гэж тайлбарлаж, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэсэн олон асуулт урган гарч байна” гэж НҮБ-ын тэргүүн хэлэв.

НҮБ-ын харьяа барилгуудад, тухайлбал, сургуулиудад халдсан хэргийг мөрдөн шалгах бие даасан зөвлөлийг тэрбээр томилох аж. Халдлагуудад энгийн номхон олон иргэн амь үрэгдэж, шархадсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: