sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд нууц санал хураалт явуулж, Албани, Боливи, Энэтхэг, Латви, Катар зэрэг 15 улсыг 2015-2018 оны тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 15 суудлын төлөө 17 орон өрсөлдсөн байна. Дээр дурдсан орнуудаас гадна Бангладеш, Ботсван, Гана, Индонез, Коста-Рика, Нигери, Нидерланд, Конго, Сальвадор, Парагвай, Португали, Таиланд зэрэг 17 улс өрсөлджээ. Зөвлөлд орохын тулд орнууд 193 гишүүн орны 97-гийн саналыг авах хэрэгтэй боловч Коста-Рика болон Таиланд үүнээс бага санал авсан байна. Гана, Нигери болон Конго зэрэг улс 187, 187, 185 санал тус тус авч тэргүүлжээ.

Ботсван, Энэтхэг, Индонез, Бүгд Найрамдах Конго Улс зэрэг улс 2011 оноос хойш уг зөвлөлийн гишүүн байсан бөгөөд хоёр дахь удаагаа сонгогдож байна.

Женев хотод байрладаг, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 47 гишүүн орон байдаг. Тус байгууллага нь НҮБ-ын систем хүрээнд дэлхий даяар хүний эрхийг хамгаалах болон бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх, мөн тэдгээрт зөвлөмж өгөх үүрэгтэй засгийн газар хоорондын байгууллага юм. 2006 онд байгуулагдсан уг зөвлөл нь НҮБ-ын Хүний эрхийн комиссын халааг авсан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн салбар байгууллага ажээ.

Зөвлөлийн гишүүдийг гурван жилийн хугацаатай сонгох бөгөөд гишүүн орнууд улиран сонгогдох боломжтой.

Д.Нямтулга

Эх сурвалж: