sonin.mn

АНУ-ын Нью-Йорк хотоос ирэх үлэг гүрвэлийн олдворуудыг албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагааны талаар ССАЖ-ын сайдын зөвлөх, Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч С.Урантөгс, логистик хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуяа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Батаарын олдвор, Овирапторын чулуужсан өндөг, таван үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг долоон том, 15 жижиг нийт 60-80 сая жилийн настай 22 олдвор өнөөдөр Монголд ирэх юм.

Эдгээр олдворыг Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл ийм төрлийн олдворууд нь нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болохыг тэмдэглэсэн байна.

Эдгээр олдвороос эхний ээлжинд шууд үзүүлэхэд бэлэн байгаа 5-6 үзмэрийг энэ сарын 31-нд Үлэг гүрвэлийн музейд дэлгэн олон нийтэд танилцуулах аж.

ССАЖ-ын сайдын зөвлөх, Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч С.Урантөгс хэлэхдээ, “Т-Батаарыг Монголд ирснээс хойш эхлээд 17, дахин таван үлэг гүрвэл хууль бусаар хил нэвтэрч АНУ-д гарсныг тогтоосон. Тээвэрлэлтийн зардал хэмнэх үүднээс олдворуудыг нийлүүлж 40 тоннын чингэлэгт 29 хайрцагт хуваан хийж нааш нь ачуулсан. Нийт тээвэрлэлтийн зардал 100 мянга орчим ам.доллар болсон” гэв.

Ц.Заяа

Эх сурвалж: