sonin.mn

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэд саяхан байгуулсан МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээний талаар зарим тайлбаруудыг өгсөн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр : " 2012 оны  УИХ-ын сонгуулийн дараа хамтарч ажиллах шаардлагаас үүдэлтэйгээр энэ гэрээг байгуулж буй юм. 2012 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой тодорхой  болгохоор  гэрээг байгуулсан.  Нилээн хэдэн сарын турш яригдсан . Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч байгаа. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулъя гэрээгээ бүр тодорхой болгоё гэсэн санал тавихад хүлээн зөвшөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэсэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эвгүй байдалд оруулах буруу зөрүү санаа бодол байхгүй. Цаашдаа  манай МАХН АН-тай улам идэвхтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна."  гэв.


Харин Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг :
"Ардчилсан намын гишүүдийн дунд гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтууд зөрүүтэй байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид гэрээгээ нэг мөр ойлгодог болох хэрэгтэй . МАХН-ын даргатай ярилцаад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна. Нэгдүгээрт энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж, батлагдсаны дараа хүчин төгөлдөр болох учиртай. Хоёрдугаарт гэрээний доторхи зүйл заалтын асуудлаар нэг мөр ойлголт байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, засаж сайжруулахын тулд  хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллахаар боллоо. Гуравдугаарт ажлын хэсэг гэрээний зүйл заалтын талаар нэг  ойлголттой болсны дараа удирдах байгууллагуудаар оруулж батлуулья гэж тохирлоо. " хэмээн өгүүллээ.
Мөн МАХН, АН-ын гэрээний хавсралт гэсэн бичгийг хуурамч хэмээгээд хийсэн этгээдийг нь олуулахаар хуулийн байгууллагад хандана гэсэн юм.



Э.Мягмар