sonin.mn

1914 он.
1914 оны 9-р сарын 8-ны өдөр Хиагт хотноо эхэлсэн Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр шинэ тулгар тусгаар тогтносон Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэж түүхэнд Хиагтын хэлэлцээр нэрээр тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Есөн сар гаруй хугацааанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд хөрш хоёр гүрэн урьдчилан тохиролцсон ёсоороо Ар, Өвөр Монголыг салгаж Ар Монгол нь Бүгд Найрамдах Хятад Улсын автономит улс бөгөөд Оросын эдийн засгийн онцгой эрх ашгийг хангасан статустай хэмээн тулган хүлээлгэжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт ийнхүү алдагдсан ч манай төлөөлөгчдийн эх оронч байр суурь, хууль эрх зүйн мэдлэг, дипломат ур чадварын үр дүнд Монгол Улс бие даасан байдлаа хадгалан үлдэх онцгой нөхцлүүдийг олж авч бас чадсан юм. Тухайлбал, Монгол нь эзэн хаан, үндэсний засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, үндэсний цэрэгтэй байж дотоод бүх асуудлаа бие даан шийдэх, худалдаа үйлдвэрийн асуудлаар олон улсын гэрээ хийх эрхтэй бөгөөд өөрийн нутагт бусад улсын цэргийн хүчнийг оруулахгүй байхаар гэрээнд тусгаж бусад талуудаар зөвшөөрүүлжээ.

Эдгээрийн дотор бүрэн эрхт тусгаар улсад байж болох нэг л эрхийг гэрээний бусад талууд зөвшөөрөөгүй аж. Тэр нь улс төрийн гадаад харилцаа юм.

Хэлэлцээрийн эхэнд Хятадын талаас оруулсан төслийн наймдугаар зүйлд “Гадаад улстай харилцан шийтгэх хэрэг явдлыг Дундад газрын засгийн яам эсхүл Дундад газрын засгийн яамны томилсон түшмэл эдэлж шийтгэмүй. Гадаад Монголын өөртөө засах эл яам шууд хүлээн шийтгэж болохгүй. Гэгээнд /Богд хаан/ гадаад улсын түшмэлийг хүлээн авах хийгээд гадаад явдлын түшмэл томилон гадаад улсад явуулах эрх үл байна. Улс хоорондын болзоо зүйлийг тогтоон байгуулах бүх эрхийг бүхлээр Дундад газрын яам хамаармуй.” гэсэн нь Хятадын талаас Монгол Улсын гадаад харилцааны аливаа эрхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн эрс хатуу байр суурьтай байсны нотолгоо.

Богд хаант Монгол Улсын анхны таван яамдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам нь 1911-1914 оны хооронд маш идэвхитэй гадаад бодлого хэрэгжүүлж байсан боловч Хиагтын хэлэлцээрээс хойш улс төрийн гадаад харилцааны аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй зөвхөн эдийн засаг худалдааны асуудлаар зарим эрх мэдэл бүхий нэр төдий байсаар 1919 онд автономийг устгахад татан буугдсан байдаг.

2014 он.
2014 оны 8-9 дүгээр сард БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Улаанбаатарт хоёр долоо хоногийн зайтай айлчилж, үүнээс мөн хэдхэн хоногийн дараа Душанбе хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт болов. Эдгээр үйл явдлын агуулга, хэлэлцсэн асуудлууд төдийгүй үзэгдэх хэлбэр нь 100 жилийн өмнөх Монголын эх орончдын мөрөөдлийн биелэл байлаа. Нөгеөтэйгөөр гадаад харилцааны салбарт ажиллаж ирсэн үе үеийн дипломатчдын хувьд нөр их хөдөлмөрийн дараах баяр бахдал нь байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бизээ.

Харамсалтай нь, энэ явдлаас сар хүрэхгүйн дараа Монголын эрх баригчид 100 жилийн туршид бий болгосон ололтоосоо ухрах шийдвэр гаргав. Гадаад харилцааны яамны нэрийг “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам“ болгон өөрчилсөн явдал нь улс төр, эдийн засаг, бусад чиглэлийн гадаад харилцааг нийтэд нь төлөөлдөг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог утгаас, хазайж аж ахуйн харилцааг тодотгосноороо ийм ноцтой үр дагаварт хөтөлж байна.

Учир нь Гадаад харилцааны яам бол тусгаар тогтнолын яам. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.2-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна” гэж тов тодорхой заасан байгаа. Тэрхүү улс төрийн гадаад харилцаа, дипломатын үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага нь гэдэг утгаараа Гадаад харилцааны яам тусгаар тогтнолын яам юм.

Мөн Монгол Улсын гадаад харилцааны үзэл баримтлалын 1.9-д “Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжпэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодпого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодпого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.” гэж тодорхойлжээ.

Гэтэл үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй Гадаад харилцааны яам маань нэрэндээ дээрх зургаан чиглэлээс нэгийг нь онцлон хавчуулснаар зөвхөн эдийн засгийн талын яам ч юм шиг, эсвэл үзэл баримтлал нь өөрчлөгдөж улс төрийн гадаад харилцаагаа голчлохоо больсон ч юм шиг ойлгомжгүй байдалд хүрч байна.

Олон улсын нийтлэг ойлголтоор бол Гадаад харилцаа /Foreign affairs/ гэсэн тодорхойлолтын цаана бусад салбараас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж гэх мэт эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал ч бас багтдаг тул нэр өөрчлөгдсөнөөр наанадаж давхардал үүсгэх, цаанадаж манай гадаад яамны гадагшаа харагдах байдалд сөргөөр нөлөөлөхөөс өөр шинэ зүйл нэмэгдэхгүй.

Үүнийг нотлохын тулд НҮБ-ын гишүүн улсуудын Гадаад яамдын албан ёсны нэрийг англи хэл дээр харьцуулж харж болох юм. Тэдгээр 193 орны 90 хувь нь Гадаад харилцааны яам буюу Ministry of Foreig Affairs гэсэн сонгодог нэрийг ашиглаж байна. Европын холбооны зарим улс Гадаад харилцаа ба Европын холбоо гэснийгтооцвол 90 хувиас илүү гарна.

Үлдсэн бусад нэрийн дотор АНУ-ын Төрийн департмент, Британийн Гадаад ба хамтын нөхөрлөлийн алба/яам/ гэх мэт зарим онцгой нэр байхын зэрэгцээ 10 шахам улсад ашиглаж буй “Гадаад харилцаа, Олон улсын хамтын ажиллагааны Яам” гэсэн нэр түгээмэл байна. Манай гадаад яамны шинэ нэрийг англиар үгчилэн орчуулбал Ministry of affairs and economic cooperation гэж буух бөгөөд үүнтэй ижил нэг ч нэр гадаад улсуудад алга. Хамгийн дөхөж очих нь Барбадос улсын “Гадаад харилцаа, Худалдаа, Олон улсын бизнесийн Яам” л болов уу.

Нэгэнт ийм занганд орсон дипломат албаныхан маань яамныхаа гадаад руу хандах нэрийг үгчилэн орчуулахын оронд Гадаад харилцаа, Худалдааны Яам буюу Ministry of Foreign Affairs and Trade гэж байх талаар ярилцаж байна.

Энэ нэрний цаана ч бас анхаарах ёстой зарим нюанс бий. Өнөөдөр ийм нэрийг гадаад харилцааны албандаа ашигладаг Австрали, Канад, Шинэ Зеланд, Ирланд, Бруней, Ямайка, Самоа гэсэн долоон улс байна. /зарим нь Мinistrу зарим нь Dераrtment гэсэн буй/ Эдгээр нь бүгд Британийн эзэнт улсын колони байсан, ихэнх нь Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн бөгөөд одоо ч Британийн хатан хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжилсөн байдаг.

Жишээлбэл, Канадын гадаад яам 1909 онд байгуулагдахдаа улс төрийн гадаад харилцаа нь Британиас хамааралтай хэвээр байсан тул Foreign биш External гэдэг үгийг сонгосон нь 1993 он хүртэл ашиглагджээ. Өнөөдөр эдгээр орон бүгд бүрэн тусгаар тогтносон улс нь эргэлзээгүй боловч хатан хаанд үнэнч байх уламжпалт сэтгэлгээ төр, нийгэмд нь оршсоор буйг тэмдэглэх хэрэггэй.

Нөгөөтэйгүүр Австрали, Канадын Гадаад харилцаа, Худалдааны Яам нь уламжпалт гадаад харилцаа болон худалдаа, хөрөнгө оруулалт гэсэн бие даасан хоёр салбарыг хамаарсан хоёр тусдаа сайдтай байдгийг ч бодолцох нь зүйтэй болов уу.

Нэрнээс илүү чухал зүйл

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хийсэн саяхны өөрчлөлт нь ийнхүү Гадаад яамны хувьд огтхон ч хүсээгүй сөрөг үр дагавартай болсноос үзэхэд ажлын төлөө бус зөвхөн улс төрийн санаа сэдлээр хийгдсэн гэдэг дүгнэлт ортой мэт. Гэхдээ энэ нийтлэлд улс төрийн аливаа үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн зорилго огтоос байхгүй болохыг онцлон тэмдэглэе. Хамгийн гол нь нэрийн хувьд алдсан алдаагаа засахыг сануулахын ялдамд нэгэнт яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж буйэнэ том боломжийг хэрхэн ашиглах талаар зарим санал дэвшүүлмээр санагдлаа.

Өнөөдөр Монголын гадаад яамыг бодлого төлөвлөлт, судалгааны чадавхи муутай ёслол, консулын үйлчилгээний алба болсон гэж шүүмжлэх нь элбэг. Энэ нь зарим талаар үнэний ортой бөгөөд гүнзгий мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг, бодлого хэрэгжүүлдэг болохын тулд энэхүү тусгай албыгхүний нөөцийн хувьд бэхжүүлэх, бүтэц, үйл ажиллагааны эрэмбэ дарааг тодорхойлж өгөх шаардлагатай.

Мөн төрийн байгууллагууд төдийгүй орон нутаг, олон нийтийн байгууллагууд гээд олон түвшинд идэвхитэй гадаад харилцаа явуулж буй энэ цаг үед Монгол Улсын гадаад харилцааны нэгдмэл байдлыг хадгалж нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн нэгж бий болгох нь чухал байна.

Гуравдугаарт, нэрийн хувьд алдсан ч гэлээ эдийн засгийн гадаад харилцааны зарим эрх мэдлийг Гадаад яаманд буцаан авчирсан нь зөв зүйтэй шийдвэр болсон билээ. Гэхдээ нэгэнт ингэж шийдэж буй бол бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл болсон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг, гадаад мэдээлэл сурталчилгааны агентлаг зэргийг ч тус яамны харьяанд өгч байж үр дүн гарах болов уу.

Дээр дурдсан чиглэлүүдээр нь тус яаманд өнгөрсөн хоёр жилд ажилласан сайд тодорхой ажлуудыг хийж эхний үр дүнгүүд гарч байгаа бөгөөд шинээр томилогдох сайд ололтыг нь бататган алдааг засч үргэлжлүүлэн ажиллах биз ээ.

Гадаад харилцааны сайдын зөвлөх А.Батпүрэв