sonin.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын зүүний хүчний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар.

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуул (МОУХДС)-ийн 70 жилийн ойн баярт оролцов. Энэ үеэр баярын хурал, чуулга уулзалт зэрэг ажил хэргийн арга хэмжээний зэрэгцээ Их театр, Кремл (Хэрэм)-ийн ордонд дуурь, концерт үзэж сонирхов.

МОУХДС нь хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бол Оросдоо төдийгүй Европод дээгүүр орох сургууль. Энэ сургуулийг төгсөгчид Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, НҮБ-ын хүрээнд Монголын гаргасан олон санал санаачилгыг бэлтгэж хэрэгжүүлэх, шинэ Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулах (1994), гуравдагч хөршийн бодлогыг биежүүлэн хөгжүүлэх зэрэгт шууд оролцож байсан.

Өөрөөр хэлвэл коммунист (социалист) Монголын ч, ардчилсан Монголын ч тусгаар тогтнол, хөгжлийн манаанд зогсож, түүхэн олон үйл явцад нь шууд гар бие оролцож ирсэн хүмүүс.
 
Монголын тусгаар тогтнол хурц жад, уужим ухааны аль алиных нь үзүүрт өнгө төрхөө олсон байдаг юм. Энэ сургуулиас гарсан дипломатчид аль аль шугамынх нь тэргүүн эгнээнд явж байсан. Монгол Улсын баатарын эрхэм хүндэт цолыг саяхан хүртсэн ахмад дайчин, ахмад дипломатч П.Шагдарсүрэн гуайн түүх үүнийг өгүүлнэ.

Солонгосын хойг, Афганистаны дайны үеэр, БНХАУ-д улаан хамгаалагчдын эсэргүйцэл, өдөөн хатгалга ширүүсэх үеэр ажиллаж байсан дипломат бие бүрэлдэхүүн ч бас үүнийг гэрчилнэ.

НҮБ-ын төв байрны өмнө алтан соёмбот далбаагаа өргөхөд, ардчилал, зах зээлд шилжих явцын үед шинэ түншүүдтэй болох, шилжилтийн хүндрэлийг давах зээл тусламжийг олох, зохион байгуулах, жинхэнэ утгаараа бие даасан гадаад бодлоготой болоход мөн л энэ сургуулийнхан идэвхитэй зүтгэсэн.

Дэлхийн 54 орны хэлийг заадгаараа Гиннесийн номонд орсон сургууль маань цаашид ч олон оюутныг сургана. Энд улс төр судлал, эдийн засаг, олон улсын эрх зүй, сэтгүүл зүйг заахдаа заавал тодорхой орон, бүс судлалтай холбодог нь онцлог.

Харин тухайн орон, түүгээр дамжуулан холбогдох бүсийг судлахдаа хэлийг нь сурахгүйгээр тэдгээрийн улс төр, эдийн засаг, түүх, соёл, зан заншил, өвөрмөц сэтгэлгээний гүнд орох боломжгүй гэсэн суурь ойлголтонд тус сургуулийн сургалтын философи тулгуурладаг. Энэ нь ч хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийг дэлхийн хаана ч танигдахуйц байр суурьтай болоход нэмэр болсон.

Сургууль маань цагийн өөрчлөлтөд зохицож, олон улсын эрчим хүч, логистик, байгаль орчны гэх зэрэг чиглэлээр сургалтын шинэ шинэ хөтөлбөрийг боловсруулсан байгаа нь таалагдсан.

Дэлхийн бодлогыг тодорхойлж байдаг цөөн хэдэн төвийн нэг болох Москвад байрлах энэ сургуулийг эрдэм боловсролын мөр хөөх гэж буй, тэр дотороо манайхны ярих дуртай нөгөө гайхал геополитикийг үзэх сонирхолтой залуус маань өрнийн бусад томоохон сургуулиудыг судлахын хажуугаар бас харж байхад буруудахгүй л байх.

Гадаад яам, боловсролын яамны зэрэгцээ байгаль орчны яам маань ч уг сургуультай хамтраад ажиллах боломж харагдаад буйг "ухаалагжсаар байгаа" төр маань бодолцох бизээ.