sonin.mn

Японы худалдаа, аж үйлдвэрийн сайд Юко Обүчи сонгуулийн хандивын мөн­гөнөөс хэдхэн долларын гоо сайхны хэрэгсэл (уруу­лын будаг, нүүрний тос) авч, өөртөө зарцуулсан нь илэрч ард түмнээсээ уучлалт гуйчихаад огцор­лоо.

Тэгвэл Ерөнхий сайд Шинзо Абегийн танхимын өөр нэгэн эмэгтэй сайд буюу Хууль зүйн сайд Мидори Мацүшима мөн өдрийн үдээс хойш албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасныг ёсоор болгов.

Тэрбээр сонгуулийн үеэр тойргийн сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан нь сонгогчдыг хахуульдаж, бэлэг өгөхийг оролдсон гэх хардлагад өртсөнөөс ийнхүү сайдын суудлаас сайн дураараа татгалзжээ.

Ард түмнийхээ өмнө ямар үүрэг, хариуцлагатайгаа амь, амьдралаараа ухаарч ойлгосон, улстөрийн ёс зүйгээ дээд зэргээр сахиж хуулийн дор амьдардаг жинхэнэ улстөрчид ийм эр зоригтой байж нэр төрөө эрхэмлэн дээдэлсээр өндөр суудлаас бууж чаддаг байна.

Ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн улстөрчид нь ийм ёс зүйтэй, шударга үнэнч байдаг нь ч Япон улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсээр ирэхэд гол нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Тэгвэл 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нут­гийнхаа хэмжээгээр дэлхийд 17 дугаарт эрэмбэ­лэгддэг, гурван сая хүрэхгүй хүн амтай, 60 сая толгой мал­тай Монгол Улсыг амин хувийн өчүүхэн эрх ашгаа нэгдүгээрт тавьж эрх мэдэл, албан тушаалын төлөө ээж, аавыгаа ч худалдахаас сийх­гүй 100 гаруйхан албан тушаалын боол, улстөрч нэртэй хамгийн бусармаг эт­гээдүүд сүүлийн 20 жил талхисаар өнөөдөртэй зол­голоо.

Монголын улстөрчид хэрхэн урваж, хөрвөж, улстөрийн бохир панз, наймаа хийн өдөр хоногийг аргацааж байдаг нь сүү­лийн сар гаруйхны хуга­цаанд болоод өнгөрсөн үйл явдлуудаас тодорхой харагдана. УИХ-ын намрын чуулган эхэлсэн өдрөөс л эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын далд наймаалцал эхэлсэн ч хэл амаа ололцож чадаагүйгээс Монголын улстөрийн “загалмайлсан эцэг” МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрд дахин томоохон “хор найруулах” аазгайг хөдөлгөчихсөн.

Уг нь 20-хон хоногийн өмнө БНСУ-аас гэнэтхэн нисч ирсэн даруйдаа “Хөдөө айлаар орж, ца­гаан идээ амсах үндсэн зо­рил­готой”-гоо дуулгаж байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэнийхээ маргаашнаас л УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралд оролцсоноор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тун удалгүй МАХН-ын шинэ удирдлага буюу Н.Энхбаярын баруун га­раар ажиллах дараагийн баг тодорхой болсон бөгөөд Ц.Шаравдорж, У.Барсболд нар МАХН-ын дэд дарга, ЕНБ-ийн даргаар ажиллахаар болсон. Н.Энхбаяраас зэмлэл хүртсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч намынхаа үйл ажиллагаанд оролцохоо больж, АН-д элсэхээр тус намын зарим лидерүүдтэй ярилцаж эхлээд байгаа.

Ер нь орчин цагийн Монголын улстөрчдийн хамгийн гол имиж, дүр төрх нь албан тушаалын сураг сонсох, дараагийн сонгуульд той­рогтой болох наймаалцал хийж болох л бол өнөөдөр өстөн дайсан шиг явсан улстөрийн хүчин рүүгээ маргааш нь хадаг сүү барин гүйгээд очдог ичих нүүргүй урвагч, шарвагч үйлдэл юм. Монголын урвагч улс­­төрчдийг тоолсноос тоо­лоогүй нь илүү хялбар, цаг завын гарз болохгүй.

Хамгийн сүүлд 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-д орж ирсэн Д.Батцогт гэж нөхөр АН-д урван гүйж очиж, улстөрч нэртэй Дүлзэнгийн тоог нэгээр нэмчихээд байгаа. Хамгийн хачирхалтай нь саяхан л эвлэршгүй дайсан мэт байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр “2024 он хүртэл хаана ч явсан цуг гэж мэдээрэй” хэмээн дуу­лалдсаар тун жигтэй хамтрал байгуулаатахлаа. Гэхдээ ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд АН, МАХН хоёр эвсч орох нь юу л бол. Эвсэх юм бол тэд нэр дэвшүүлэхдээ 70:30, эсвэл 60:40, 75:25 гэсэн харьцааг баримтална.

Ингэвэл АН нэг ёсондоо сонгууль эхлэхээс өмнө МАХН-д өгсөн квотынхоо хэмжээгээр ялагдал хүлээчихэж байна гэсэн үг. Эцэст нь АН өөрсдөд нь ногдсон квотдоо нэр дэвшүүлээд өрсөлдөхөд нэр дэвшигчид нь 100 хувь сонгогдохгүй.

Сайндаа 60 хувь нь л мажоритар тойргоос УИХ-д сонгогдоно. Эвссэн тохиолдолд хоёр нам мөн пропорционалиар буюу намын жагсаалтаар УИХ-д орох хүмүүсээ тодорхой харьцаагаар хуваана. АН мөн л МАХН-д сул суудлууд тавьж өгөөд өөрсдийн боломжоосоо тэр хэмжээгээр хугаслана.

Эцсийн дүнд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд өнөөгийнхөөс цөөр­нө, МАХН-ынхан харин өнөөгийн 11-ийгээ эрс нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө АН МАХН-ын атганд лавхан орно л гэсэн үг. Тэгэхээр АН, МАХН хоёр ирэх сонгуульд эвсэх хувилбар явахгүй нь тодорхой. Эвсэхгүй тус тусдаа сонгуульд орлоо гэхэд саяын байгуулсан гэрээгээр мажоритар тойргуудад хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй гэсэн.

Тэгэхээр АН бүх тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Энэ талаараа МАХН-тай зөвшилцөж хүмүүсээ зөрүүлж нэр дэвшүүлэх нь. Энэ нь АН-д хохиролтой. Нөгөө талаар 2016 онд мажоритар тойрог 48 хэвээр байх уу, 38 болох уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа.

Тухайн үед сонгуулийн тухай хуульд яаж тусах нь тодорхойгүй. Ямар ч байсан мажоритараар сонгох бүх тойрогт АН-ынхан өөрийн хүсэл зоригоор хүмүүсээ нэр дэвшүүлж болохгүй болсон. Энэ бол тавхан хоногийн өмнө үзэглэсэн Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээнээс гарах үр дүн.

АН-д ийм хохиролтой гэрээг намынх нь дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг яах гэж хийсэн нь тодорхой. Ердөө л хэдхэн хоногийн дараа болох өөрийг нь огцруулах санал хураалтад “Шударга ёс” эвслийг өөртөө гар өргүүлэх гэсэн эцсийн ичгүүргүй тохиролцоо АН-д ийм л балаг дагууллаа.

Ерөөсөө Монголын улстөр ийм л зарчмаар явж байгаа. Түүний энэ үйлдлийг нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хүн албан тушаалд шунан дурлаж болно. Хэмжээ хязгааргүй шунан дурлалаа гэхэд тэр хүнээр тоглуулахгүй гэдгийг ойлгох эрүүл ухаантай байх хэрэгтэй. Үнэхээр энэ чинь одоо галзуурчихаагүй байгаа даа гэж асуухаас өөр аргагүй болголоо.

Эрүүл саруул ухааны хэмжээ хязгаарыг давлаа. Өөрийгөө авч үлдэх гэж долоон сайдаа золигт гаргасан. Одоо өөрийгөө аварч үлдэхийн тулд Ард­чилсан намыг золиосолж байна. Н.Алтанхуяг бол өөрийнх нь эрх мэдлийг авч үлдэхэд тусалсан хэнд ч очоод юугаа ч өгөхөд бэлэн хүн юм. Ардчилсан намыг байтугай Монголыг сонирхсон хэн нэгэн чамайг Ерөнхий сайдаар чинь үлдээе. Харин чи улсаа бариад ир гэвэл яваад очиход бэлэн хүн юм байна.

Би улаан цайм УИХ-ын гишүүддээ хэлж байгаа. Энэ гурав дахь өдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээч ээ гэж хэлж байна. Намаа аварья л гэж байгаа бол энэ хүнийг зайлуулна. Энэ Алтангадас ямар их гай болов оо.

Ардчилал гэж ярьсан хүн бүхэн ард­чилсан үзэлтэй байдаггүй юм байна гэдгийг ойлгож байна. Энэ үгийг хэрэглэх амархан. Энэ үгэндээ байна гэдэг хэцүү. Ардчилсан нам гэсэн хаягтай комминистууд байж байна” хэмээн хэлэх муу үгээ барчихаад сууж байна.

Гэтэл Э.Бат-Үүл өөрөө ч өндөг шиг өөгүй нэгэн биш гэдгийг монголчууд их, багагүй мэднэ. Бидний дээр ийм л улстөрч нэртэй ичих нүүргүй наймаачид тонгочиж байна. Үнэндээ эрх ашиг, албан тушаалын наймаалцал Монголын улстөрийг урагш гишгэх аргагүй уяж, хүлчихжээ.

Саяхан Н.Алтанхуяг сайд намынхаа доторх эвсэл фрак­циудтай удтал най­маалц­саны эцэст шинэ сайд нарынхаа нэрсийг зар­­ласан. Тэдгээр сайд на­рын нэрсийг харахад л улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ албан ту­шаалын наймаалцалд холбогдсоныг харж болно.

Гадаад харилцааны сай­даар Л.Пүрэвсүрэнг томи­луулахаар оруулсан нь Ерөн­­хийлөгчийн, Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Зоригт бол МҮДН-ын, Уул уурхай, эрчим хүчний сайдад дэвшүүлсэн Р.Жигжид нь “Шонхор” фракцийн, бүр тодруулбал, өмнө нь сайд байсан Д.Ган­­хуягийн халаасны хүн, харин Барилга, хот бай­гуу­лалт, зам тээврийн сайдаар нэр дэвшсэн Ц.Цолмон нь МАХН-ын дарга Н.Энхбаярын шахаа. Тэдний нэрсийг хараад л “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн ча­нар өөрчлөгдөхгүй” гэдэг нь харагдаж байгаа юм.

Эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн төлөө алаг нүдээ ухалцахаас наагуур бүхнийг наймаалцаж бай­гаа Монголын улстөр, улс­­төрч нэртэй бусармаг этгээдүүдийг ер нь яалтай ч билээ дээ.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: