sonin.mn

Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинар Улаанбаатар хотноо боллоо.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн салбартаа хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах, нэгдмэл удирдлагаар хангах зорилго бүхий “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан явдал юм.

Тиймээс ч энэ чиглэлээр гадны өндөр хөгжилтэй орнуудын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын туршлага судлах, тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах, дотоодын энэ чиглэлийн байгууллага, боловсон хүчнийг чадваржуулах ажлыг тасралтгүй, шаргуу хийсээр байгаа билээ.

Тэгвэл энэ удаагийн ээлжит нэгэн арга хэмжээ нь БНФУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинар бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд “Airbus Helicopters”, “Renault Trucks Defense”, “Nexter” зэрэг холбоо мэдээлэл, агаарын тээврийн хэрэгсэл, аюулгүй байдлын чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч найман компани оролцож, бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа талаар сонирхуулсан юм.

Энэхүү семинарын нээлтэд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ив Дэлунэ тэргүүтэй хоёр орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, сонирхогч байгууллагууд оролцож, Франц Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниудын бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, чиглэл чиглэлээрээ хамтран ажиллах талаар хэлэлцлээ.