sonin.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг НҮБ, түүний төрөлжсөн болон гадаадын холбогдох бусад байгууллагуудтай Түншлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.  

  Энэхүү зөвлөлдөх уулзалтаар дараах хоёр асуудлыг хэлэлцүүлж байгаа юм. Үүнд:

  Тус яам НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын болон дотоодын түншлэгч хамтрагч байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулах санал гаргаж байгаагаа танилцуулна.

  Зөвлөлдөх Хорооны чиг үүрэгт Монгол Улсын Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад салбар, олон улсын байгууллагын үүрэг, оролцоо, хоорондын уялдаа холбоог хангах; хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг бий болгох, тогтмолжуулах; салбарын хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх, төлөвлөх, зохистой ашиглах талаар хамтын шийдвэр гаргахболон хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, мониторинг хийх, санал, санаачилга гаргах зэрэг асуудлууд багтаж байна.

Гэр бүлийн хөгжлийн дэмжих жилийн хүрээндЭмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлийн хамгаалалд анхаарлаа хандуулна

  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт тооцогдож, эрхээ хамгаалуулж чадахгүй, хараа хяналтгүй, тэнэмэл амьдралыг сонгож буй хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулж байна.

  2014 оны байдлаар нийслэлд 300 гаруй хүүхэд хараа хяналтгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. Үүнээс 60 орчим хүүхэднь хүнд хэлбэрийн буюу гэр бүл, эцэг эхийн асрамжинд байхгүй 2-9 жил тэнэмэл амьдарч байна. Тэдний 10 хувь нь эмэгтэй, 90 хувь нь эрэгтэй бөгөөд 12-18 шилжилтийн насны хүүхдүүд байгаа юм.

Эдгээр хүүхдүүд тэнэмэл амьдрал сонгох шалтгааныг авч үзвэл:

    Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл
    Ядуурал / гэр, оронгүй /
    Зан төлвийн өөрчлөлт / суурь хүмүүжил /
    Гэр бүл салалт / хойд эцэг эхийн нөлөө / гэсэн шалтгаанаас тэнэмэл амьдралыг сонгоход хүрч байгаа юм.

  Тиймээс эдгээр хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх талаар түншлэгч байгууллагуудтай санал солилцох юм.

  Харин түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулснаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар дахь гадаад, дотоодын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, давхардал хийдлийг арилгах, хөрөнгө нөөцийн зарцуулалтыг сайжруулах, улмаар хамтын ажиллагааг улам бүр үр дүнтэй болгоно гэж үзлээ.