sonin.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж Ардчилсан нам, МАХН-тай хамтран ажиллах гэрээ болон УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн тухай өнөөдөр бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Гэрээтэй холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг намын дарга Н.Алтанхуягийн мэдээллийг сонсчээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг хоёр намын хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрхгүй. 2012 оны 7 дугаар сарын 19-нд “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээний үйлчлэл 2016 оныг дуустал хэрэгжиж байгаа.

Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэн ажиллаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд энэ гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах, тодруулах, шаардлагатай гэж үзсэн. Энэхүү гэрээнд 2016 оноос хойш хоёр намын хоорондын стратегийн урт хугацааны асуудал туссан.

Намын зохих шатны эрх бүхий байгууллагаар батлах саналыг Ардчилсан намын удирдлагуудад уламжлах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс өчигдрийн хуралдааны протокол, гишүүдийн саналыг АН-ын удирдлагад явуулахаар шийдсэн” гэлээ.

Мөн  Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцээд, АН-ын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргажээ. Мэдээлэл хийх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэсэн энэ талаар?

-Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байна. Э.Бат-Үүл намын удирдлагын нэг. АН-ын удирдлагад намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Ардчилсан намын дарга ордог. Тиймээс энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Хоёр намын гэрээнд тусгасан ямар заалтыг өөрчлөх ёстой гэж АН-ын бүлэг үзсэн бэ?

-Хамтран ажиллах гэрээний төсөл дээр тойрогтой холбоотой асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Улс төрийн бодлогод зарим нэг үйлдвэржилт, хөрөнгө оруулалтыг тусгах нь зөв үү, буруу юу гэдгийг ярилцах нь зөв юм байна гэж үзсэн. Мөн урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас энэ гэрээний хугацааг аль хүртэл авч үзэх ёстой вэ гэдгийг эргэн ярина.

-Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн үндэслэл бүхий шаардлага тавьсан. Зарим нэг шаардлага нь хувь хүний асуудал руу хэтэрхий хандсан байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ийм асуудал үүсгэж болохгүй.

Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ерөнхий сайд гэм буруутай гэдгийг тогтоосны дараа хариуцлага тооцох нөхцөл байдал үүсч болно. МАН-ын бүлэг зохион байгуулалттайгаар Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн үйл ажиллагаа хийж байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: