sonin.mn

АБУЖА. /Xinhua/. Дэлхийн эрүүл  мэндийн байгууллага Нигерийг “Эбола” вирусийн тархалтыг бүрэн дарж чадсан улс гэж мэдэгдлээ. Гэхдээ Африкийн энэ улсын албаны хүмүүс “Эбола” дахин халдварлахаас урьдчилан сэргийлэн өндөржүүлсэн бэлэн байдалтай хэвээр байна.

“Эбола”-гийн далд үеэс хоёр дахин урт хугацаанд буюу сүүлийн 42 хоногт халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-ын албаны хүмүүс Нигерийн нийслэл Абужа хотод мэдэгдэл хийхдээ хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгджээ.

Өнгөрсөн долдугаар сард халдвар авсан зорчигч Либериэс Нигерид очсон юм. Тэр цагаас хойш “Эбола”-гийн халдвар авсан байж болзошгүй 20 тохиолдол бүртгэгдсэний найм нь нас барсан байна.

Халдвар авсан хүмүүстэй холбоотой байсан хүмүүсийг Нигерийн эрүүл мэндийн албаны хүмүүс цаг тухайд нь олж тогтоосон гэж ДЭМБ-ын албаны хүмүүс хэлэв.  Тэд халдвар авсан нь тогтоогдмогц өвчтөнүүдийг тусгаарлаж, эмчилсэн байна.

 “Эбола”-гийн тархалтыг Нигери дарж чадсаныг гайхалтай амжилтын түүх гэж ДЭМБ-ын албаны хүмүүс үзэж байна.

Гэхдээ Гвиней, Либери болон Сьерра-Леонд “Эбола” хүмүүст халдварласаар л байна. Энэ долоо хоногийн эцэс гэхэд уг вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянга давж болзошгүй.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ДЭМБ Сенегалыг мөн “Эбола”-гүй улсаар зарласан юм. Тус улсын нэг иргэн “Эбола”-гийн халдвар авсан нь наймдугаар сард тогтоогдсон юм. Түүнээс хойш халдвар авсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: