sonin.mn

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.21.Мягмар гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхэллээ.

Эдгээр хуулиудын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав.

  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, тусгай шаардлагууд, зарчмуудыг удирдлага болгосон. Мөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлтийн нөлөөллийг тооцож, шинэчлэн боловсрууллаа. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн боловсруулсан төсвийн төсөлд Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,160.4 тэрбум төгрөг, нийт зардал 7,638.8 тэрбум төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 478.4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд өмнө нь өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс нийт тэнцэл 1.3 тэрбум төгрөгөөр сайжирч байгаа гэдгийг Ерөнхий сайд танилцуулав.

  Улсын төсвийн 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, ирэх оны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2015 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан ирэх оны төсвийн төслийг боловсруулсан. Төсвийн орлогын тухайд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо. Ирэх онд татварын орчинг тогтвортой байхаар төлөвлөж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах замаар төсвийн орлогын хэмжээг тооцох зарчим баримталсан гэдгийг тэрбээр хэллээ.

  Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх бодлогыг ирэх онд үргэлжлүүлнэ. Ирэх онд татварын ямар нэг өөрчлөлт гарахгүй. Мөн орлогын нэр төрөл бүрт шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж төсвийн орлогын тооцоололд ашигласан гэлээ.

  Харин төсвийн зарлагын тухайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчим баримталсан.

Энэ үндсэн дээр төсвийн нийт зардлын өсөлтийг хязгаарлаж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж нэмэх; ьөрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, төсвийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх; нийгэм, хүн ам зүйн статистик өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэх урсгал зардлыг төсвийн төсөлд тусгах; орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгийг орон нутагт хариуцуулах, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах; төсвийн ерөнхийлөн захирагч бүр хариуцсан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг тэргүүлэх зорилт, хүрэх үр дүн, ач холбогдлыг харгалзан эрэмбэлэх замаар төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилж, төсвийн боломжит нөөцөд багтаан хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд танилцуулсан юм.

 Нэгдсэн төсвийн урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2011- 2012 онуудад дунджаар 30 орчим хувьтай хэлбэлзэж байсан бол 2013 онд 25.9 хувийн гүйцэтгэлтэй, 2014-2015 онуудад дунджаар 25 хувь байхаар төлөвлөж, 2016-2017 онуудад дунджаар 22.5 хувьтай байх төлөвтэй байна. Төсвийн хөрөнгийн зардлыг оруулан тооцвол нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2015 оны төсвийн төсөлд 32 орчим хувьтай тэнцэхээр байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан төсвийн нийт зарлагын өсөлтийг хязгаарлаж, ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой түвшинд хүргэх зорилтод нийцэж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.

  Засгийн газар ирэх онд төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж зөвхөн шинээр хийгдсэн хөрөнгө оруулалтын улмаас боловсрол, эрүүл мэнд, соёл болон бусад салбарт төрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын өсөлтийг төсвийн төсөлд тусгажээ. Дээрхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын орон тооноос хамаарсан урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, боломжит хэмжээнд хүртэл үе шаттай бууруулах; шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжид үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөл бүрдүүлэх зориулалттай тавилга худалдан авахаас бусад тохиолдолд тавилга худалдан авах, шинэчлэх зардлыг санхүүжүүлэхгүй юм байна.

 УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 2015 онд төрийн үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэхтэй холбогдуулан багш, эмч, сувилагч, асрамж сувиллын газрын ажилтан, байр ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээний ажилтан зэрэг орон тоо, зардлыг төсвийн боломжит эх үүсвэрт багтаан төсөлд тусгах зарчим баримталсан. Тухайлахад, улсын хэмжээнд 2015 онд улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн зориулалттай 82, сургуулийн барилга, дотуур байр, спорт заалны зориулалттай 81, эмнэлгийн зориулалттай 8 барилга, байгууламж ашиглалтад орно. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэний улмаас төрийн үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 26,629.5 сая төгрөгийн урсгал зардал 2014 оны тодотголтой харьцуулахад нэмэгдэхээр байна гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.

 Түүнчлэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшин, бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж үе шаттай нэмэгдүүлэх; цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг нэгдсэн дүнгээр нь 500 тэрбум төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгажээ. Энэ талаар Ерөнхий сайд “Иргэдийн санааг зовоож, амьжиргаанд нь нөлөөлж байгаа валютын ханшийн огцом өөрчлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдал, үнийн өсөлт зэргийн талаарх судалгаанд үндэслэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд өмнөхөөс ахиц дэвшил гаргахаар төсөлд тусгасан” гэдгээ хэлсэн юм.

  Хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, А.Бакей, Г.Уянга, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нарын асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох сайд нар, ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Гишүүд асуултдаа ирэх онд хөрөнгө оруулалт, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг өсгөх, урсгал зардлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, төсвийн орлого бүрдүүлэлт, орон нутгийн хөрөнгө оруулалтын хуваарилалт, өр зээл, инфляци, валютын ханшийн тооцоолол зэрэг олон талт асуудлыг хөндөж тодруулсан юм.

 Ерөнхий сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн хугацаанд бондын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын нэлээд ажил хийсэн, үр дүнгээ өгч байгаа. Харин бондын мөнгийг төсөвт оруулж тусгахаар бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг хэлэв. Мөн шүүгчдийн цалинг УИХ-ын шийдвэргүйгээр нэмсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж анхан шатны шүүхийн шүүгч 2.3 сая, дунд шатны шүүхийн шүүгч 2.8 сая, Улсын дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа гэдгийг хэлсэн бол Улсын дээд шүүхийн Тамгын хэлтсийн дарга Ж.Наранпүрэв “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 45 дугаар тогтоолын дагуу Улсын дээд шүүхийн шүүгч 3.2 сая, ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалинг энэ оны 10 дугаар сараас эхлэн авч байгаа” гэсэн хариулт өгөв. Харин үүнтэй холбогдуулан УИХ-ны дарга З.Энхболд “Цалинг УИХ тогтоодог хуультай. УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус шийдвэрийг мөрдөх эрх байхгүй” гэдгийг анхааруулаад Хууль зүйн байнгын хороо энэ асуудалд анхаарахыг сануулав.

 Харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдсон асуултад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Салбарын онцлог, хөдөлмөрийн бүтээмж, инфляцийн түвшинг харгалзан төсвийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх зарчмыг өнгөрсөн хугацаанд барьж ирсэн. Энэ зарчмаа ирэх онд ч барина. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 135 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулахаар тусгасан 500 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбум нь цалинд зарцуулагдах юм” гэсэн хариулт өгөв.

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Хүний хөгжлийн сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.