sonin.mn

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бондын мөнгөний зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй, хэрхэн юунд зарцуулсан эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Мөн “Нийслэл” бондыг гаргахыг зогсоосон гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлингээс тодрууллаа.

 -“Нийслэл” бондыг гаргахаа больсон гэх юм. Энэ талаар тодруулна уу?

-“Нийслэл” бонд гаргахыг зогсоогоогүй. Одоохондоо бэлтгэл ажлын хүрээнд явж байна. Сангийн яам Засгийн газарт төсөв өргөн барихдаа нийслэлийн төсөвт шилжүүлдэг 330 тэрбум төгрөгийн шилжүүлгийг хийхгүй хэмээн мэдэгдсэн.

Өөрсдөө татварын нэмэгдүүлэлт бий болгож, төсвөө бүрдүүл гэсэн. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл “Нийслэл” бонд гаргах ажил хойшилж магадгүй.

-Бондын мөнгийг юунд зарцуулах вэ?

 -Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой томоохон төслүү дэд зарцуулахаар төлөв лөсөн. Тухайлбал, дэд бүтэц, аж үйлдвэр, орон сууц гэсэн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

-Ойролцоогоор хэд орчим төгрөг гарах боломжтой вэ?

-“Нийслэл” бондын хууль эрх зүйн хэмжээнд гаргаж болох хэмжээ 400 орчим тэрбум төгрөг гэж тооцоолж байна. Энэ хэмжээний мөнгө гаргах боломжтой. Харин хэрэгцээнд шаардлагатай хэмжээ гэвэл мэдээж их наядаар хэмжигдэнэ.

-“Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Гэтэл дахин “Нийслэл” бонд гаргах шаардлага бий юү?

-“Самурай”, “Чингис” бондыг Засгийн газраас гаргасан. Энэ бол манай улсын эдийн засгийн шаардлага, хэрэгцээнд зориулж Засгийн газраас гаргасан мөнгөний эх үүсвэр. Эдгээр бондын мөнгөний тодорхой хувь нь дэд бүтэц болон орон нутгийн автозамын ажилд зарцуулсан.

Харин нийслэлд шаардлагатай байгаа бүтээн байгуулалтад хүртээмжтэй биш. Тиймээс бид өөрсдын бондыг анх удаа гаргах гэж байна. Хотын бондыг бусад оронд байнга гаргаад шаардлагатай эх үүсвэрээ бий болгодог тогтсон жишиг бий.

М.Энхцэцэг

Эх сурвалж: