sonin.mn

Ардчилсан намаас УИХ-ын 48 мандатад нэр дэвшигч­дийн хэн нь хэн бэ гэдгийг энэ удаа хамтдаа сонирхъё.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт АН-ын ҮЗХ хурал­даж, нэр дэв­шигч­дийн­хээ нэрсийг эхний байд­лаар ерөнхийлөн гаргасан учраас хэн гэдэг эрхэм нэр дэвшиж, хэд нь бидний саналыг төвөггүй авч чадах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхлээд байна.


Олны дундаас сайнтай, муутай янз бүрийн л хүн саар, сайхан олон санаа өвөрлөөд УИХ-ыг зорьж буй нь тодорхой. Мэдээж нэр дэв­шигчид эцсийн байдлаар энэ сарын 20-дын үеэр тод­рох болохоор их тулааны өм­нөх бага тулаан АН-д өр­нөж буй сурагтай. Өөрөөр хэлбэл, хайнаа хагалах буюу тухайн тойрог хоёр мандаттай бол гурван нэр дэвшигчийг намын хорооны хүрээнд өрсөлдүүлэх хэлбэр АН-д голлон үйлчилж буй аж.


Архангай аймагт л гэхэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ламбаа, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болор нарын нэр яригдаж байх жишээтэй. Эд хоорон­доо их тулааны өмнөх бага тулааныг аймгийн намын хорооны хурлаар хийгээд ялсан хоёр нь орон нутаг­таа нэр дэвших гэнэ. Хэрэв С.Ламбаа гишүүн энэ тулаанд ялагдал хүлээвэл 28 руу шилжинэ. Энэ мэтээр эцсийн зохицуулалтыг АН-ын ҮЗХ тун удахгүй хийх биз ээ.


Архангай


Архангай аймагт АН-аас баараггүй дэвших, мөн сонгог­дох магадлалтай хүмүүсийн нэгдүгээрт Н.Батбаяр гишүүн бичигдэж буй.
Тэрбээр 2000-2004 онд Улаанбаатар хотын анхны орон сууцны хотхонуудын нэг болох “Жаргалан” хотхоныг үүсгэн байгуулсан нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан гэдэг. Мөн 2000 онд МҮАН, МСДН зэрэг таван намын нэгдэх үйл явцад анхнаас нь оролцож, Зохион байгуулалтын kомиссын даргаар сонгогдон ажилласан төдийгүй Ардчилсан Нам байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.


2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр
2004-2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаад зогсохгүй Ардчилсан намын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг болох “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан байна.
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн тухайд 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслээс, 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байхдаа багагүй ажлыг амжуулж чадсан. Бусадтай эв эеийг эрхэмлэхийг хичээдэг түшээ энэ удаа 48-даа амжихгүй бол 28 руу шилжих юм гэнэ лээ.
УИХ-д хоёр, гурвантаа сонгогдож буй эдгээр гишүүдтэй хайнаа хагалахаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорын нэр яригдаж буй ч түүний нэр тэгтлээ газар авахгүй байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн халааг авч буй гэгдэх тэрбээр Гадаад харилцааны дэд сайд байхдаа гадаад, дотоодоор хий тэнэхээс өөр дорвитой ажил хийж, ард түмэнд танигдаагүй. Сүүлд Үндэсний аюулгүй байдлын дарга асан Б.Хурцыг баривчлагдсаны дараа хэвлэлийн төлөөлөгч нь аятай сонин, хэвлэлийн хуудас баахан бөглөснөөс биш ажлын хэсгийн ахлагчийн хувьд хурдан суллуулах тал дээр чанартай арга хэмжээ авч чадаагүй гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэдэг.
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч болсноосоо хойш ч онцолчихмоор ажил хийгээгүй Б.Болорыг хүн муутай, адайр ааштай гээд хавьтсан ойртсон болгон нь дургүйлхэх юм билээ.



БаЯн-Өлгий


2004-2008 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон А.Мурат гишүүн энэ удаа АН-аас нутагтаа дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Хамгийн сүүлд ГЕГ-ын дэд даргын албыг хашиж суусан тэрбээр оны өмнөхөн ажлаа өгсөн нь нэр дэвшихтэй холбоотой.
Тэгэхдээ их санасан газар есөн шөнө хоосон байхтай адил А.Мурат ч ихийг саналтгүй биз ээ. Учир нь түүнийг хэзээнээсээ л хөнгөн хийсвэр, дотуур тамиртай хэрнээ өмөг түшиггүй, амиа хичээсэн, худалч, амласандаа хүрдэггүй, онгироо, сагсуу, хорчин, харамч, нарийн гэсэн муу тодорхойлолтууд дагаж явдаг. Сайхан үгээр цементэн дээр цэцэг ургуулах гэж оролддог түүнийг одоогийн УИХ-ын гишүүд болох Х.Жекей, А.Тлейхан нарын чигчийд ч хүрэхгүй, А.Муратын дэргэд энэ хоёр нь эр хүний хударгатай улс гэж нутгийнхан нь ярих юм билээ.
“Хотгор”, “Кайнар”, “Аватэкс кайнар”, “Улаан-Уул”, “Эйт транзит”, “Өлгий транс”, “Намуу тариа”, “Хөх адар” зэрэг компаниудаас хувь эзэмшилтэй тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа гишүүн асан Ц.Батаагийн хамт Дархан цаазат Богд Хан уулын энгэрт “Найман байшин”-гийн суурь төсөл хэрэгжvvлэхээр газар авсан гэдэг хэл ам гарч байв.
Түүнтэй хамт АН-аас БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда нэр дэвшихээр яригдаж байна. Ерөнхийдөө А.Мурат, Ч.Куланда хоёр АН-аас Баян-Өлгийд нэр дэв­ших нь тодорхой болж, эдэн­тэй өрсөлдөх хэмжээний хүмүүс ч байхгүй гэх юм билээ.
Ч.Куландагийн хувьд Боловсролын доктор цолтой. 1990 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байлаа. Үүний дараа “Ардчилал” сонин, “Монгол таймс” сонинд тус тус ажиллаж байгаад “МҮОНТ”-ийн захирлаар нэг хэсэг ажилласныг хэн хүнгүй мэднэ. 2008 оны 10 дугаар сараас УИХ дахь Ард­чилсан намын бүлэгт зөв­лөхөөр ажиллаж байсан тэрбээр саяхныг хүртэл Боловс­рол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байв.
Хамгийн аюултай нь Ч.Куландаг нэр дэвших сургаар Монголоо гэх сэтгэлгүй хүнийг төрийн түшээ болгож яадаг юм гэсэн шум дэгдэх болов. Учрыг тодруулбал дэд сайд асан Ч.Куланда Японы монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяако гэгчтэй өмнө нь уулзаад сэтгэлд их л хүйтэн зүйлийг хэлж байжээ.
Тэрбээр “Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна. Бид очмоор байна. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ” хэмээн Япон эрдэмтэнд хэлж байсан талаар тухайн үед хэвлэлээр шуугьж байлаа.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"