sonin.mn

Монголын улстөрчид эрийн цээнд хүрч, гүрэн улсаа өөд нь татах цаг хараахан болоогүй байна. Харин улстөрийн хор найруулан наймаалцаж, амин хувийн ашиг хонжоо гаргах булхай луйврыг яг өнөөдөр баруун, солгойгүй хийцгээж байна.

Одоо тэд хуучин шиг намчирхаж, хэсэг бүлгээрээ тал тохой нийлүүлэхээсээ илүү­тэй маргаашийг харж улс­төрийн сонгуульд хамаг анхаар­лаа хандуулдаг бол­жээ.

Өнгөрсөн 20 жилд амаараа шороо үмхтэл хуур­таж, хамаг баялгийг нь гадныхантай хуйвалдан хул­гайлц­гааж байгаа тэдэнд одоо ард түмэн тийм ч амархан хууртахаасаа өнгөрсөн.

Түүнийг ч ойлгосон улстөрчид эрээ цээргүй наймаалцаж, ичих нүүргүй эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурцгааж байна.

Саяхан л оймстой нь барьж хорьж, хорвоогийн хамгийн муу хүнээр цоллож байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг хэрэгтэй, хүчтэй улстөрч өнөөдөртөө АН-ын дарга, хэзээ мөдгүй өнхрөн унаж ч болзошгүй болоод байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт байхгүй болж, амралтын өдрөөр сэм­хэн тас тэврэлдсэн биш нам дотроо дайны гал дүрэл­зүүлчихлээ.

Тэд сэм нийлж, нам хуйвалдсан нь огцорж ч магадгүй болоод байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн аргагүй хамгаалалт гэхээсээ илүүтэй, МАХН-ын дарга Н.Энхбаярын Монголын улстөрд нөлөөлөх нөлөө, хүч чадал эргэн сэргэж байгаагаар тайлбарлах нь үнэнд илүүтэй ойртоно.

Хэзээнээсээ АН-ын “Алтангадас” фракцийн нөлөө бүхий тэргүүнүүдийн нэг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр сэм сэмхэн уулзаж, сэжигтэй яриа өрнүүлж дөнгөдөг хоёр билээ.

Энэ хоёр улстөрч аль эрт 1990-ээд оны дундуураас сэм нийлж, нам хуйвалдсаар ирсэн нь одоо нэгэнт илэрхий болсон зүйл.

Өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан. Харин тун удалгүй 1998 оны тавдугаар сарын 27-нд Засгийн газар 80 дугаар нууц тогтоол гаргаж, төрийн өмчийн Сэргээн Босголтын банкийг татан буулгаж, хувийн өмчийн Голомт банктай нийлүүлсэн нь баригдаж УИХ-ын 26 гишүүний санаачлагаар огцруулах асуудлыг хэлэлцсэн.

Яг энэ асуудлыг өнөөдөр Ерөнхий сайд Н.Ал танхуягтай 2020 он хүртэл “ор, хөнжлөө хуваах” гэрээнд гарын үсэг зурсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, архаг “Алтангадас”-чин Р.Гончигдорж хоёр гардан зохион байгуулсан гэдэг.

Түүнийх нь төлөөсөнд Ц.Элбэгдоржийн Засгийн газар онхолдож бүтэн зур­гаан сар “үүрэг гүй­цэтгэгч” нэртэй салгалсан гашуун түүх бий. Тэгвэл түүх давтагддаг нь яалт ч үгүй үнэн болж, 16 жилийн дараа бас нэгэн Ерөнхий сайд улстөрийн бохир наймаа хийснийхээ төлөөсөнд намынхандаа ад үзэгдэж, хэзээнээсээ Н.Энхбаяртай “хонь, чоно” бололцсоор ирсэн улсын баатрыг хилэг­нүүлчихлээ.

Ямартай ч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдрийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяртай наашаа харж инээн, цааш харж уйлсаар тун удахгүй болох УИХ-ын өөрийг нь огцруулах санал асуулгын өмнө “Шударга ёс” эвслийг “за” гэж хэлүүлэхийн төлөөх ичих булчирхайгүй эвийн гэрээ байгууллаа.

Монголын улстөрчид арьсаа хамгаалахын төлөө хэрхэн урваж, бултаж, наймаалцаж чаддагийн хамгийн сүүлийн баримт, нотолгоо нь нийгмийг хэдэн хэсэг хувааж, булхайтай, бохир улстөр дахиад л ард олныг бухимдуулж эхэллээ.

Одоо 20-иодхон хо­ногийн дараа 2015 оны Монгол Улсын төсвийн төслийг баталсан байх хуультай. Гэтэл Монголын улстөрчид өчүүхэн арьсаа авч үлдэхийн тулд бүхнийг умартан наймаалцаад түүнийг ч ойлгох, ухаарах сэхээгүй явна.

Ер нь ингэхэд төсвөө баталж чадахгүй улсын ирээдүйг хэрхэн ямраар төсөөлөх ёстой вэ. Бидний толгой дээр улс орныг удирдан жолоодоод авч явах бус, сонгуулиас сонгуулийн хооронд амиа борлуулж, ашиг хонжоо хөөцөлдсөн хэдхэн наймаачид сууж байна. Одоо ер нь яах вэ, та минь ээ.

Д.Түвшин

Эх сурвалж: