sonin.mn

ВАШИНГТОН. /Yonhap/. Зөрчилдөөн үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа аливаа өдөөн хатгалгаа зогсоохыг өнгөрсөн амралтын өдөр хоёр Солонгос хилийн дагуу харилцан гал нээсний дараа Умард Солонгосоос АНУ шаардлаа.

Хоёр улсыг заагладаг хилийн цэрэггүй бүсэд Умард Солонгосын 10 орчим цэрэг дөхөж очсоны дараа буудалцаан болсон юм. Өмнөд Солонгосын тал тэднийг буцахыг шаардан анхааруулсныхаа дараа буун дуу гаргажээ.

Харин Умард Солонгосын тал хариу гал нээснээр Өмнөд Солонгос мөн дахин гал нээсэн байна. Буудалцаан 10 орчим минут үргэлжилсэн юм. Өмнөд Солонгост хүний амь үрэгдсэн, эд материалын хохирол учирсан гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Харин Умард Солонгост байдал ямар байгаа нь хараахан тодорхой бус байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан аливаа өдөөн хатгалгаа зогсоохыг Умард Солонгосоос АНУ шаардлаа.

“Бид манай холбоотон болох БНСУ-ын холбогдох хүмүүстэй хамтран байдлыг хянаж байна. Мөргөлдөөн үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй аливаа өдөөн хатгалгаа зогсоох, хурцадмал байдлыг намжаахыг бид Умард Солонгосоос шаардсаар байна” гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдэгдэв.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр тал гурван удаа харилцан гал нээлээ.

Үүний өмнө 10 дугаар сарын 7-нд Умард Солонгосын эргүүлийн хөлөг онгоц баруун нутгийн усан хилийг зөрчсөнөөр хоёр тал харилцан гал нээсэн бол, энэ сарын 10-нд Пхеньяны эсрэг ухуулга бүхий том хийн бөмбөлгүүдийг унагаахын тулд Умард Солонгос гал нээсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: