sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри, Унгар улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид оролцон эдгээр улстай үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж холбогдох уулзалтыг хийж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Унгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, хамтын ажиллагааны боломжтой чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Монгол Улсад эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор загвар фермийн аж ахуй байгуулах, явуулын мах нядалгааны цех нийлүүлэх, махны боловсруулах үйлдвэрийн салбарт евро стандартыг нутагшуулах, Био үйлдвэрт технологийн шинэчлэл хийх боллоо. Мөн монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Унгарт дадлагажуулах, сургахад хамтран ажиллах боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Бизнес форумд “Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, нөөц боломж” сэдвээр илтгэл тавьсан нь Австри, Унгарын бизнес төлөөлөгчдийн сонирхлыг татсан үйл ажиллагаа боллоо.