sonin.mn

Монгол Улсын Тэргүүн хатагтайн удирддаг “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотрын тасагт Хөнгөвчлөх эмчилгээний 4 ортой 2 өрөөг иж бүрэн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулж, ашиглалтад оруулсан байна.

Тоног төхөөрөмжийн хувьд БНСУ-д үйлдвэрлэсэн, тус бүрдээ 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдаж байна. Тус өрөөнд өвчтөний эмчилгээнд шаардлагатай ор, дуслын тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппарат зэрэг шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгслийг байршуулжээ.

Тохижуулсан өрөөг нээх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангийн Тэргүүн Х.Болормаа, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ИТХ-ын дарга Л.Батчулуун, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.Жамъянхорол, БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Оюундүү, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч н.Мөнгөнцэцэг нарын албаны хүмүүс оролцлоо.