sonin.mn

Газрын баялгийг цөлмөгч гадныхан монгол хүнээс 100 дахин илүү цалин авдаг аж

Гадны мэргэжилтэн гэ­хээр бүхнийг чаддаг, онц­гой мэдлэгтэй гэсэн ойл­­голт “соц” нийгмийн үеэс уламжлагдан ирсэн байх юм. Тийм ч учраас гад­ны мэргэжилтэн биднээс илүү цалин хөлс, хангамж эдэлсээр ирсэн. Одоо ч эдэлж байгаа билээ.

Дээд тэн­­гэрээс заяат Монгол хү­ний мэдлэг боловсрол, оюун ухаан дэлхийд хосгүй гэдэг атлаа Францаас ирсэн нэг муу­хан мэргэжилтнээс дор ца­лин авдаг. Ерөн­хийлөгч, Ерөнхий сай­даа­саа эхлээд шүү.

Үүнд төр засгийн цалин, урам­шууллын тогтолцоо нө­лөөл­дөг байж болох ч гадаад мэргэжилтнүүд тө­рийн тэр­гүүнээс илүү эрх ямба эд­лэх юм.

Энэ эрх ямбаны үр дүн, өр төлөөс Монгол Улсын өр болох учраас үүнийг бичиж бай­гаа юм. Франц улсын хөрөнгө оруулалт бүхий “Арева Монгол” компанийн захи­рал Терри гэдэг нөхөр бий. Энэ хүн барилгын инженер мэргэжилтэй ч Монгол тө­рийн эрхмүүдтэй ураны хайгуулын талаар яриад сууж байдаг.

Франц улсын иргэн Терри хэмээх энэ эрхэм Казахстан улсад ажиллаж байсан намтартай ч уул уурхай, ураны талаар ном хаялцах мэргэ­жилтэн биш.

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­доржийн цалин гурван сая орчим байдаг Терри 70-80 мянган ам.долларын цалин авдаг. Үүнээс Их тэнгэрт найман сая төгрөгийн байр (Но­мин­гийнх гэж байсан) тү­рээсэлж сууна. Жо­лооч, тогооч, гэрийн үйлч­лэгч­тэй. Аяга тавагны байрлал буруу тавилаа гээд гэрийн үйлчлэгчээ зандарч байх жишээтэй.

Жилдээ 5-6 удаа Франц улс руу дээд зэрэглэлийн суудлаар ниснэ. Энэ бүх зардал Францаас гарч байгаа мэт боловч Монгол Улсын өр болон үлдэнэ. Барилгын инженер Терри Монгол Улсын Их хурлын гишүүдийг үл тоомсорлон харьцана. Тэр ч бүү хэл Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргыг өрөөнд нь зандарч, загнаж байх жи­шээтэй. Өөрийгөө Франц гээд ойлгочихсон нэг нөхөр байх юм.

“Арева Монгол” ком­панийн орон нутгийн монгол ажилтнууд 450 мянган төгрөгийн цалин авдаг. Харин Франц улсаас ирсэн дадлагын оюутан 3000 ам.долларын цалин аваад буцаж байх жишээтэй. Тэнгэр газар шиг ялгаатай цалингийн зөрүү, гадны хөрөнгө оруу­лалт бүхий компаниуд дээр ажиглагдана.

Мон­голын баялгаас дэл­хийн тэрбумтнууд болсон “Бороо гоулд” ком­панийн мэргэ­жилтнүүд монгол­чуудаас 10-20 дахин илүү цалинтай байсан юмдаг. Монголчуудын мэдлэг бо­ловсрол, бүтээмж 10-20 дахин бага гэж үү.

Ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг хуу хамахдаа уугуул иргэдийг нь өөрсдийн зиндаанд харж үзэж болмоор. Оюутолгойн уур­хай дээр ч гэсэн монгол хүний үнэлэмж, зэрэглэл дэндүү ядуу. Нэгдүгээрт шар толгойтой нөхдүүд уур­хайн гүнд өрөмдлөгө хийнэ. Хоёрдугаарт япон, солонгосчууд тоног тө­хөө­рөмж, лабортори дээр ажил­л­аж байгаа юм. Гурав­­­дугаарт хятадууд ба­рилга байгууламж барьж байгуулах ажил хийж байх жишээтэй.

Харин монголчууд тү­лээ хагалах, ус түгээх, хог түүх, зам заагч гэсэн ажил хийнэ. Шар толгойтой нөх­өдтэй адил дээд бо­ловсролтой залуу 800 мян­ган төгрөгийн цалинтай түлээ хагалах ажил хийгээд явж байна. Энэ бол монгол хүний мэдлэг боловсролын үнэлэмж юм.

Гадныхан биднийг ингэж л үнэлж байна. Зарим францчууд илэрхий арьс өнгөний үзэл гаргахгүй ч “Монголчууд хоолны соёлгүй” гэх мэтээр тэрхүү санаагаа цухалзуулдаг байх юм. Гадны хөрөнгө оруу­лалттай гэх уул уур­хайн компаниуд биднийг хэрхэн үнэлж буйг нь цалин, хөлс­нөөс илэрхий хараг­­дана.

Харин монгол­чууд гад­ныхан гэхээр гар хөлөө хугалчих дөхнө. Эрдэнэс-Таван толгой ком­панийн гадаад захиралд 30 сая төгрөгийн цалин өгдөг байлаа. Засгийн газ­раас томи­логдсон захи­ралд бо­лохоор 15 сая төгрөгийн цалин өгч байх жишээтэй.
Бид гадныхныг бо­лохоор ингэж үнэлж “ха­данд” гаргадаг. Хуучин Бороо гоулд буюу зүсээ ху­виргасан Сентра гоулд ком­панийн босс л гэхэд Монгол Улсын Ерөнхий­лөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзана гэж нисч ирэх жишээтэй.
Уул уурхай сул хөгжсөн, хууль эрхзүйн орчин ойл­гомжгүй, авлигал хөгжсөн улс орны баялгийг үндэс­тэн дамнасан то­моохон кор­по­рациуд дэлхийг тойрон “намнаж” явдаг.

Өнгөрсөн жил хөрөнгө оруулагч нар Мон­голыг орхин Мозамбик улс руу явчихлаа гэсэн мэдээ гарсан. Энэ бол бодит үнэн юм. Дэлхийн 30, 40 улсад салбартай гэх уул уурхайн компаниуд нутгийн иргэдийг залилан мэхлэх, шилний цаанаас чихэр долоолгох аргаар баялгийг нь цөлмөсөөр ирсэн түүхтэй.

Хэдэн жилийн өмнө Хятад улсад “Монгол хүн болон нохой оруулахгүй” гэсэн хаяг байдаг тухай бичиж байсан санагдана. Түүн лугаа адил Улаан­баатар хотод “Монгол хүнийг оруулахгүй” гэсэн канад, австрали, франц рест­оранууд нээгдэхэд гай­хах зүйлгүй болж.

Монгол Улсын баял­гаас завшиж дэлхийн тэрбумтнууд болж буй гад­ныхантай эн тэнцүү ца­лин авдаггүй юм аа гэ­хэд тахир дутуу улс шиг үргэлж хөөрхийлүүлсэн, шавхруу долоосон байдлаас хэзээ ангижирч болох вэ.

“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” гэдэг шиг гадны хө­рөнгө оруулагч бүхэн бү­тээн байгуулагч нар биш. Тэд нарын арга эвийг олох гэж төр засаг байдгаараа хичээж байгаа билээ. Гадны мэргэжилтнийг хэт шүтсэн байдал монгол­чуудаа дорд үзэх явдлыг дэвэргэсээр байгаа юм. Төмөр замын ТЭЗҮ-ийг Мон­голын эр­дэмтэд бид хийе гэсэн са­наа­чилга гаргасан.

Гэтэл Зам тээвэр, ба­рилга хот байгуулалтын сайд нь гадны хэдэн луйвар­чинд 6.5 сая ам.доллар аваачаад өгчихөж байна шүү дээ. Тэгэхээр монгол­чуудыг гад­ныхан доош нь хийлгүй ч яахав дээ.

Т.Цогт-Эрдэнэ

Эх сурвалж: