sonin.mn

БАГДАД. /Reuters/. Иракийн нийслэл Багдад хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн сард тус улсын 1119 иргэн амь үрэгджээ. Гэхдээ “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа бүсүүдэд амь үрэгдсэн хүмүүс энэ тоонд багтаагүй учир үүнээс ч  олон хүн амь үрэгдсэн байж магадгүй.

НҮБ-ын мэдэгдэлд дурдсанаар, есдүгээр сард тус улсын энгийн номхон 854 иргэн, аюулаас хамгаалах хүчний 265 албан хаагч амь үрэгдэж, 1946 иргэн шархаджээ.

Нийслэл Багдад хот хамгийн их халдлагад өртсөн байна. Тус хотод 352 энгийн иргэн амиа алджээ.

Наймдугаар сард тус улсад 1420 хүн амь үрэгдсэн юм. Зургадугаар сард Ирак даяар суннитын босогчид “цэвэрлэгээ хийсэн”-ий улмаас 2400 хүн амь үрэгдсэн. Энэ нь 2005 оны дөрөвдүгээр сараас хойш нэг сарын дотор хамгийн олон хүн амь үрэгдсэнийг харуулж байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг