sonin.mn

Австралийн цахим хуудсуудаар “10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Оюутолгойн талаар урт хугацаанд үргэлжилж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээ удахгүй дуусах нь” гэсэн мэдээлэл гарчээ.

Тэд мэдээлэлдээ Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууны “Бид урагшлахад бэлэн. Бидний талаас дахин хойшлуулах асуудал байхгүй” гэсэн яриаг онцолжээ.

Энэ нь мэдээж гадаад зах зээл дээр байгаа эерэг хүлээлтийн нэг юм. Цаашлаад эдгээрийн нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалт өсч, макро эдийн засаг тогтворжих богино хугацааны найдвар билээ.

Үүнээс гадна “Оюутолгой” төслийн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь импорт байж, 10 хувь нь Монголд үлдэх тухай эдийн засагчид өгүүлж буй. Гэвч энэ бүхний эсрэг талд бусад хөрөнгө оруулалт сэргэх магадлал маш өндөр байгааг ч зарим нь дуулгаж байгаа. Ойролцоогоор хоёр жилийн дараа экспорт сэргэх хандлага ч бий.

Түүнчлэн манай улсад 2017, 2018 онд багаар бодоход 1.3 тэрбум ам.доллар зайлшгүй шаардлагатай. Учир нь, манай улсын Засгийн газраас ард түмнээ барьцаанд тавьж авсан их өрүүдийн хүү, эргэн төлөлтийг дээрх онуудад хийх ёстой.

Тиймээс Оюутолгойн асуудал цэгцрэх нь манай улсын хувьд том боломж юм. Харин тус гэрээ муу, сайн болсон тухай хуучин цагийн маргаан зэрэг нь дэд асуудал хийгээд тэс өөр сэдэв юм.

Харин ойрын өдрүүдэд дотоодын хэвлэлээр “Оюутолгой”-н хоёр дахь шатны буюу далд уурхайн санхүүжилт дахин хойшлох болсон тухай мэдээлэл түгэв. Энэ талаар ч Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу “Санхүүжилт олгох хугацааг дахин сунгасан нь манай талаас шалтгаалсан зүйл биш” гэсэн тайлбар өгч байна. Энэ ч угаас тодорхой зүйл байв.

Учир нь эзэмших хувь хэмжээ, зардал хэтэрсэн шалтгаан, татварын акт зэргээс шалтгаалж манай улсын Засгийн газар “Рио Тинто”-гийн хэлэлцээрээс төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсоор байгаа билээ. Өнөөдөр болох Оюутолгойн ТУЗ-ийн хурлаар 4.9 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн ТЭЗҮ-ийг хэлэлцэх тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2014 оны нөөцийн түвшинд, мөн уурхайг ашиглах хугацаанд гэсэн хоёр нөхцөлөөр тооцсон байна. Өдгөө “Оюутолгой” компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн шинэчилсэн ТЭЗҮ-ийгТУЗ баталсан тохиолдолд Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулах юм.

Мөн төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад дутуу төлсөн гэх 127 сая ам.долларыг ойролцоогоор 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс “Оюутолгой” компанид хүргүүлээд байгаа. Үүнд ч тус компани таатай байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлэл манай улсын өдөр тутмын сонинуудад гарах болсон билээ.

Гэвч одоо болтол Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани уурхайн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудалд ямар нэгэн шийдвэр гаргасангүй. Үүнийг манай улсын Засгийн газар мухарлах ямар ч сонирхолгүй байгаа гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд тодорхой болоод байна.

Уг нь, төрийн эрх бүхий байгууллагын байцаагч нар бүхэл бүтэн есөн сарын турш ажиллаж байж баримтын шалгалт хийж “Оюутолгой” компанид 130 орчим сая ам.долларын татварын акт тавьсан юм. Гэтэл эцэстээ гурван улирал ажилласан татварын байцаагчдын буруу болж, 30 сая ам.доллар болгон бууруулав.

Зөвхөн энэ жишээн дээрээс харахад “Рио Тинто” компани манай улсад ямар том нөлөөтэйг харж болохоор байгаа юм. Мөн тэд манай улсын эдийн засаг дахь биеийн “халууныг” андахгүй мэддэг болсны ч нотолгоо юм. Хэтрүүлж хэлбэл мэдээж жил орчим ажиллаж байж гаргасан байцаагчдын дүгнэлт бодит байдлын хэмжүүр байх өндөр магадлалтай.

Үнэндээ энэ том компанийн өөдөөс цээж сөрөн зогсч, 130 орчим сая ам.долларын татварын акт тавьж “улс төр” хийх эр хар зоригтой байцаагч байна гэдэг итгэхэд бэрх өгөгдөл л даө. Үүнд ч цөөнгүй эдийн засагч санал нийлж буй. Магадгүй ийм бодолтой олон хүний буруу байж болох юм. Гэвч энэ бүхнийг эсрэг талаас нь харвал манай улсын Засгийн газар болоод холбогдох албан тушаалтнууд хариуцлага алдсан байцаагч нарт ямар ч хариуцлага тооцсонгүй.

Ядахад сарын цалингаас нь хувь хэмжээ хассан тухай ч мэдээлэл гарсангүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд “цагаан туг" өргөсөн гэдэг нь баталгаатай таамаг болж үлдлээ. Гэсэн хэдий ч шилэн байх уриатай шинэчлэлийн Засгийн газар өнөөг хүртэл Оюутолгойтой холбоотой бүхий л зүйл дээр хаалттай хэвээр байна.

Чухамдаа яг ямар тохиролцооны үндсэн дээр татварын хэмжээг 30 сая ам.доллар хүртэл бууруулсан гэдэг нь тодорхойгүй. Гэвч үнэндээ энэ байдал тийм ч дуулиантай үзэгдэл бас биш юм. Харин нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал хаана ямар данс руу орсон нь одоог хүртэл эзэн биегүй хэвээр байна.

Бүр сүүлдээ энэ талаар ярьдаг хүн ч байхгүй болтлоо мартагнажээ. Хэдий ийм байлаа ч Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхлэх нь нэгэнт тодорхой. Одоо л нэг юм олзны үүдээ нээх гэж байгаа Оюутолгойн ажлын эхлэх цаг нь хэзээ вэ гэдэгт хариулт өгөх хүн манай улсад алга. Мөн олон нийтийн хамгийн ихээр анхаарч буй сэдэв буюу энэ төсөлд хамаарах нийт зардал хэд хүрээд байгааг одоогоор эдийн засагчид ч хэлж мэдэхгүй байгаа юм.

Ямартай ч энэ оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын зардал 10 тэрбум ам.долларт хүрсэн байх тооцоолол бий ажээ. Үүн дээр одоо төлөвлөж байгаа далд уурхайн зургаан тэрбум ам.долларын зардлыг нэмбэл нийт зардал 16 тэрбум хүрэх боломжтой юм.

Д.Ганбаатар

Эх сурвалж: