sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын дарга Си Зиньпинд БНХАУ үүсгэн бай­гуулагдсаны 65 жилийн ойн баяр хүргээд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь дэлхий дахинд тогтвортой, энх тайван байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тэмдэглэлээ.

Тэрбээр Си Зиньпинд баярын цахилгаан утас илгээсэн байна. В.Путин “Орос-Хятадын харилцаа нь бүх талын хамтын ажиллагаа бүхий өндөр шатанд хүрсэн. Хоёр улсын улстөрийн яриа хэлэлцээний хүрээ өргөжиж, худалдаа, санхүү, аж үйлдвэр, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй болсон. Бидний дунд бий болсон харилцан ойлголцол, итгэлцлийг өндрөөр үнэлж байна.

Хамтын хүчин чармайлтаар бид Орос, Хятадын цаашдын харилцан ашигтай харилцаа холбоог хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хоёр орны найрамдалт ард түмний ашиг сонирхлыг хамгаалж буй хамтын ажиллагаа нь дэлхий дахины тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй” гэж цахилгаан утсанд бичжээ.

Түүнчлэн В.Путин “Хятадууд улсаа байгуулагдсан өдрөөр “хятад мөрөөдөл”-ийг биелүүлэх шинэ шинэ амжилт бүрдсэн, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн ололт, Хятадын байр суурь олон улсын тавцанд бэхжсэн зэрэг амжилтаа тэмдэглэж байгаа” хэмээн нэмж дурьдсан байна. /Кремлин.ру/

Н.Тунгалаг

Эх сурвалж: