sonin.mn

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах тодруулгыг авлаа. УИХ-ын намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс энэ удаагийн чуулганы үеэр ямар асуудлуудад гол анхаарлаа хандуулж байгаа талаар нь сонирхсон юм.

-Дөнгөж сая танай бүлэг хуралдлаа. Ямар ямар асуудал авч хэлэл­цэв?

-“Шударга ёс” эвслийн бүл­гийн хуралдаанаар юу­ны түрүүнд дотоод асууд­лын­хаа талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа бо­лох дөрвөн жилийн хоёр нь өнгөрчихөөд бай­гаа энэ нөхцөлд манай бүл­гийн зүгээс хойшид ямар асуудалд илүү ач холбог­дол өгч, идэвхтэй ажил­лах талаар хэлэлцсэн.

Нө­гөө­тэйгүүр өнгөрсөн хоёр жилд “Шударга ёс” эвс­лийн бүлгээс хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэм­жээнүүдээ дүг­нэсэн.

Тухайлбал, “Шу­дарга ёс” эвслийн бүлгийн ги­шүүдийн өргөн барьсан хуулийн төслийн хэд нь батлагдсан байна, яам­дын сайд нарын хийж, хэрэгжүүлж байгаа ажил хэр үр дүнтэй болсон, мөн эвслийн мөрийн хөтөлбөр хэр биелсэн зэрэг асуудлыг хөндөж ярилц­сан.

Бүлгийн гишүүдийн зүгээс үлдсэн хоёр жилд нэлээд шар­гуу, эрч хүчтэй ажиллах шаард­лагатай байгааг ч хатуу­хан сануулцгаалаа. Үүнтэй холбогдуулан бүл­гийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг томиллоо.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн зүгээс нийгэмд багагүй хүлээлт үүсгэсэн Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад удаж байна. Энэ хууль яагаад хэлэлцэгдэхгүй, хойшлоод байгаа юм бол?

-Манай эвслийн бүлэг өөрсдийн өргөн мэдүүлсэн Өр­шөөлийн тухай хуульд нэлээд ач холбогдол өгч ярилцлаа. Учир нь УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Өршөөлийн тухай хууль ороогүй нь манай гишүүдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, олонх нь энэ асуудалд хатуу байр суурьтай байна.

Тиймээс ч уг хуулийн төслийг хэлэлцэж батлуулах талд хатуу байр суурь баримталж ажиллахаар олонхоороо ярил­цаж шийдлээ.

Бүлгийн гишүүдийн олонх нь энэ асуудалд эрс шийдэмгий байр суурьтай байгааг тун удахгүй УИХ-ын даргад мэдүүлнэ.

-Энэ удаагийн чуулганаар Улстөрийн намуудын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг олон чухал хуулийг авч хэлэлцэх учиртай. Эдгээр хуулийн талаар “Шударга ёс” бүлгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Яах аргагүй нийгэмд хүлээлт үүсгэсэн, улстөрийн намуудын тухайд ч яаралтай нэг тийш нь болгох ёстой олон хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх учиртай.

Эдгээрт Улстөрийн намуу­дын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг давын өмнө нэрлэх ёстой.
“Шударга ёс” бүлгийн хувьд ялангуяа дээрх хуулиудыг яаравчлан хэлэлцэж батлах ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Үүнээс гадна 2015 оны төсвийн гүйцэтгэлийн асуудалд анхаарал хандуулах ёстой.

Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаан дээр Монголбанкны удирдлагуудын мэдээллийг сонсох шийдвэр гаргалаа. Мөн бүлгийн олонх гишүүн “Самурай” “Чингис” бондын зарцуулалтын талаар мэдээлэл авахыг хүссэн.
Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарын мэдээллийг сонсох ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

-Энэ чуулганы эхэнд багагүй маргаан дагуулах нэгэн асуудал яригдах нь тодорхой болсон. Энэ нь төмөр замын царигийн асуудал. Энд танай бүлэг ямар байр суурь баримтлах вэ?

-УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн /өнөөдрийн/ ху­рал­даанаар хэлэлцэх Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын тухай хуулийн хувьд “Шударга ёс” бүлгийн зүгээс өнгөрсөн хавар барьж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа.

Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлчихсон. Одоо эргэж буцах зүйлгүй.

-Засгийн газрын бүтцийн талаар “Шударга ёс” бүлгийн зүгээс ямар нэгэн санал санаачилга дэвшүүлэх үү?

-Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан.
Хамгийн гол нь Засгийн газрын бүтцийг өөрч­лөх гэж байгаа бол Ерөнхий сайд энэ асуудлыг өргөн барихаас өмнө намын бүлгүүд санал солилцож, нэгдсэн байр суурьт хүрэх ёстой юм.

Өөрөөр хэлбэл, бүгдээрээ зөвлөлдөж ярилцсаны эцэст төслийг өргөн барих ёстой гэсэн байр суурин дээр “Шударга ёс” бүлэг бат зогсч байгаа.

Д.Эрдэнэбат: Одоо нэг сайд, нэг яамны тухай ярих цаг биш

УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын чуулганаар ямар, ямар асуудал хэлэлцэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Намрын чуулганы эхэнд төмөр замын ца­ригийн асуудал яригдах нь. Өмнө нь энэ асуудлыг хаалттай хэлэлцэж байсан. Энэ удаа бас тэгэх үү. Тө­мөр за­мын царигийн та­лаар Ард­чилсан намын бүлгийн байр суурь хэ­вээрээ юу?

-Ардчилсан намын бүлэг төмөр замын бодлогын талаар байр сууриа илэр­хийлсэн. УИХ-д орчихсон хэлэл­цүүл­гийн шатандаа явж байгаа.

Ер нь төмөр замын бодлогоо Монгол Улс маш хурдан шийдэх ёстой. Тиймээс хамгийн эхэнд төмөр замын бодлого орж ирж байгааг би зөв гэж үзэж байна. Энэ бол нэг сайдаас илүү чухал асуудал. Төмөр замын бодлогыг хаалттай хуралдаанаар хэлэл­цэж эхэлсэн, хаалттайгаараа ший­дээд цаашаа явна.

-Н.Алтанхуяг сайд Зас­гийн газрын шинэ бүтцийн талаар удахгүй та­нил­цуулна. Энэ өөрч­лөл­тийн талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын бүт­цийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлчихсэн. Мэ­дээж Засгийн газрын бүрэл­дэхүүнийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас энэ өөрчлөлтийг оруулж ирнэ. Тиймээс Ерөнхий сайд Зас­гийн газрынхаа бүтэц бүрэл­дэхүүнийг өргөн барьсны дараа бид намынхаа бүлгээр асуудлыг авч хэлэлцэнэ.

-Засгийн газрын шинэ бү­тэц, бүрэлдэхүүний талаар олон таамаг явж байна. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд энэ асуудлын бүтцийг хэрхэн харж байгаа бол?

-Ерөнхий сайд УИХ-д өргөн бариагүй байхад бидэнд тодор­хой мэдээлэл алга. Мэдээж Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг учраас бид ямар байх вэ гэдэг асуулгыг өгөөгүй. Ер нь бол ойрын хугацаанд энэ долоо хоногоос юм уу, дараагийн долоо хоногоос УИХ-д бүтцийн асуудал зайлшгүй орж ирэх шаардлагатай гэж үзэж байна.

-Эрх баригч намын зүгээс Засгийн газрын шинэ бүтцийн талаар Ерөнхий сайдад ямар нэгэн шахалт үзүүлэх үү?

-Улс төр нь тогтвортой, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын шаардлагад нийцсэн бүтцийг л хүлээж авна гэсэн бодолтой байгаа. Хэрвээ үүнд нийцэх юм бол бүлэг дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийнхөө байр суурийг илэр­хийлээд явна.

-Яамдын тоог цөөрүүлэх нь бололтой. Энэ нь өнөөдрийн хувьд аль хэр оновчтой шийд­вэр вэ?

-Ер нь бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх үү, хасах уу гэсэн ойлголт бас биш шүү.
Өнөөгийн улстөр, эдийн засгийнхаа суурь өөрчлөлтөд тулгуурласан л бүтэц байх ёстой. Түүнээс биш нэг хүний тухай асуудал биш. Нэг яамыг нэмж, хасах тухай асуудал биш.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ асуудал дээр АН-ын бүлэг хамгаалж, хаа­цайлсан хэвээрээ байгаа юу?

-Засгийн газрын гишүү­нийг огцруулах тухай асууд­лыг МАН тавьсан байгаа. Энэ бол төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Бүтцийн тухай асуудал ороод ирэх юм бол бид энэ Засгийн газрын нэг гишүүний тухай биш бүтцийн тухай ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн үр дүн сайн гарахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно гэдгээ танай бүлэг мэдэгдэж байсан. Монгол ардын намынхан ч бас танай бүлгийг хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн байр суурьтай байна?

-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар улстөрийн намууд янз бүрийн байр суурьтай бай­гаа. Өнөөдөр бид бүлгийнхээ хур­лаар Ерөнхий сайдаас энэ асуудлаар сонсоно. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн дараа амьдрал сайжирна гэсэн үгийг хэн ч хэлээгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ганцхан “ЭЗЭН-100”-гийн хуга­цаанд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарах хандлага нь бий болсон уу, энэ хугацаанд ямар, ямар үр бүтээлтэй ажил хийсэн бэ гэдэг нь бидэнд чухал. Үүнийг сонсоод дүгнэлтээ гаргана.

-Энэ намрын чуулган улс орны амьдралд хэр өгөөж­тэй болох бол?

-Энэ намрын чуулган УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шат гэж ойлгож байгаа. Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж дуусгах хугацааны чуулган болно гэж ойлгож байна. Бид­ний төсөөлж байгаагаар энэ удаагийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр орны хөршүүдтэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу төмөр замын асуудал байгаа.

Д.Түвшин

Эх сурвалж: