sonin.mn

Үндэсний статистикийн хорооныхон өчигдөр чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг түгээлээ.

Тодруулбал, статисти­кийн байгууллага олон улсын түвшинд ямар байх ёстой юм, одоо аль түв­шинд нь яваа юм, хүрэх ёстой түвшиндээ хүрч бай­гаа юм уу, үгүй юү гэд­гийг тодорхойлуулах зорил­гоор НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Ста­тистикийн хэлтэст тэд өнгөрсөн жил хүсэлт тавьсан байна.

Уг хүсэлтийг нь хүлээн авч Европын эдийн засгийн комисс болон Европын чөлөөт худалдааны ний­гэм­лэг, Норвегийн статис­тикийн байгууллагын олон улсын шинжээчдийн өргөн бүрэл­дэхүүнтэй баг манай улсад удаа дараа ирж, статистикийн байгуул­лагын үйл ажил­лагаатай та­нилцжээ.

Ма­найхан ч өөрсдийн Статистикийн хууль, Хүн ам, орон орон сууцны тоол­логын хууль болон холбогдох аргачлалуудыг англи хэлээр орчуулсан байна. Ингэс­ний үр дүнд гадаадын шинжээчид манай улсын статистикийн байгууллагын үйл ажиллагааг нягтлан үзье хэмээгээд, бод­лого гаргадаг УИХ-ын гишүүд, эрдэм шинжилгээний, аж ахуйн нэгж байгуул­лагуудын статистикийн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүстэй уулзжээ.

Мөн салбарууд Монгол­банк, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг статистикийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг томоохон бай­гууллагын удирд­лагуудтай уул­заж, ажил байдалтай нь танилц­саны үндсэн дээр цогц үнэлгээ өгчээ. Үнэлгээнийхээ үр дүнг танилцуулахаар олон улсын шинжээчдийн томоохон баг Монгол Улсад ирээд байгаа талаар албаныхан дуулгасан юм. Том байгууллагад цогц үнэлгээ хийлгэхээр хүсэлт тавьсан анхны улс болж энэ том байгууллагаас “сайн” гэсэн үнэлгээ авсан нь хамгийн том үзүүлэлт, үнэлэмж юм.

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Статистикийн хэлтсээс хий­сэн цогц үнэлгээний дүнг өнөөдөр “Блью скай” цам­хагт танилцуулна. Энэ үнэлгээтэй холбоотойгоор 27 орны 40 гаруй төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэдний зарим нь цогц үнэлгээний дүнг танилцуулах гэж байгаа бол олонх нь энэ шинжилгээг анх удаа хийлгээд “сайн” дүн авсан манай улсын туршлагаас судлахаар ирсэн статистикчид гэнэ.

Энэ цогц үнэлгээний үр дүнд 150 гаруй хуудас зөвлөмж,санал хүсэлтийг гарган хэвлүүлж, манай Үндэсний статистикийн хорооны удирдлагуудад урьд­чилан өгчээ. Энэ зөвлөмжид хууль эрхзүй, арга аргач­лал, байгууллагын бүтэц бүрэлдэхүүн гээд жижиг, том гэлтгүй олон асуудлыг тусгасан. Тиймээс өнөөдөр энэ бүх зөв­лөмжийг нэг бүрчлэн сонсч, түүнд манайх ямар байр суурьтай байгаагаа илэрхийлээд цааш­дын зорилго зорилтоо тодорхойлох юм байна.

Манай улсад анх 1924 онд Монгол Улсын анхдугаар үндсэн хууль батлагдаж, тэр хуульд аливаа тоо бүртгэлийг бүртгэх явдлыг үүсгэн буй болгох гэж хуульчилж байжээ. Энэ заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, тухайн үеийн дотоод хэргийн яамны зургаан хүний бүрэлдэхүүнтэй тоо бүртгэлийн тасгийг үүсгэн байгуулж байсан гэнэ. Тэр үеэс хойш өдгөө 90 жил өнгөрөөд байна.

Тухайн үеэс орчин цагийн Үндэсний статистикийн алба үүссэн гэж үздэг юм байна. Харин аравдугаар сарын 1, 2-ныг Статистикийн алба үүссэн өдөр хэмээн энэ өдрүүдэд ойгоо тэмдэглэсээр иржээ.

Өчигдөр болсон хэв­лэлийн хурлын үеэр Үндэсний ста­тистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн “Бид байгуул­лагынхаа 90 жилийн ойг өвөрмөц хэлбэр маягаар тэмдэглэх гэж буйгаа хэвлэл мэдээллийнхэндээ дуулгахад таатай байна. Улиг болсон бөх барилдуулах, урлаг спортын арга хэмжээнээс өөрөөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ойдоо барьж буй бидний хамгийн том бэлэг бол НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Статистикийн хэлт­сээр хийлгэсэн цогц үнэлгээ байлаа. Үүнийг Азид манайхаас өөр улс хийлгээгүй. Энэ том үнэл­гээнээс хангалттай гэсэн дүн авсан маань бас нэг том үзүүлэлт” хэмээн баярлаж буйгаа илэр­хийлсэн юм.

Тэрбээр “1924 онд Ста­тистикийн хэлтэс үүсч байсныг бодоход ажиллагсдын тоо өсч, боловсон хүчний чадамж нэмэг­дэж, дотоод зохион бай­гуулалтад өөрчлөлт орж, эрхэлдэг асууд­лын цар хүрээ өргөжсөн нь мэдээж.

Манай статистикийн байгууллага ямар түвшинд яваагаа тодорхойлъё гэсэн маань 90 жилийн ойдоо зориулж буй бидний том зорилт” хэмээв.

М.Уянга

Эх сурвалж: