sonin.mn

Зуны урт амралтын дараа “амь орж” байгаа монголын улстөр халуухан, хатуухан уур амьсгалтайгаар энэ намрынхаа үйл ажиллагааг эхлүүлж байна.

Эрх мэдлийн гадна үлдсэн МАН-ынхан шинэч­лэгчид хэмээх “хөөрүү хөв­гүүд”-ээрээ Ерөнхий сайдыг огцруулах суултыг хийлгэж, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 мянга гаруй аж ахуй нэгж хаалгаа барьж, нэг иргэнд ногдох гадаад өр 6700 ам.доллартай тэнцэж эхэллээ” хэмээн гэнэт ухаа орсон аятай бархиралдацгааж байгаа.

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Н.Алтанхуягтай хатуухан тооцоо бодох, цаашлаад өөр нэгэн Энхболдтой хүч хавсран шинээр засаг эмх­лэн байгуулах төвөгтэй ажилд ханцуй шамлан орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Тэгвэл МАН доторх өөр нэгэн фракц тэднийг зүгээр хараад суухыг тэвчсэнгүй, саяхнаас толгойгоо хүчтэйхэн өндийл­гөж эхэлсэн.

Тэд Монголын улс­төрд 1992 оноос хойш чимээгүй­хэн хүчээ авсан “хор” най­­руулах ажиллагаа да­хин идэвхжүүлэхээ ил тод тунхагласан. МАН-ын “гомдогсод” буюу М.Энх­болдын хотын фракцид ша­хаг­дагсад Зүүний Хүчний холбоо гээ­­чийн­хээ хурлыг хийж “бялуу хуваалт”-ын гадна хоцор­сон С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх на­рыг тойрон бүжиглэцгээж, 2016 оны УИХ-ын сонгуульд ша­зуур зуун орох бэлтгэлээ эх­лүүлсэн нь тодорхой болсон.

Голдуу улстөрийн сон­гуулиар ялагдал хүлээж, “бялуу хуваалт”-ын гад­на хоцрогсод “нам нийлж, сэм хуйвалддаг” нь монголын улстөрийг олон удаа булин­гартуулж, өнөөд­рийн гажиг тогтолцоог бүрэлдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг захын хүн хэлээд өгнө.

Хамгийн хорлонтой нь эрх мэдэл, албан тушаалын гадна үлдэгсэд хуйвалдаж улстөрийн бохир нэгдэл үүсгэснээр Монгол төрийг хүчгүйдүүлж, улстөрийг тогт­­воргүйтүүлэн системийн хямралыг гүнзгийрүүлснээс өөр гавьяа байгуулсан түүх­гүй.

Өнгөрсөн 20 гаруй жи­лийн түүхэнд ардчилсан хүч­нийхний дотроос хамгийн амжилттай ажиллаж бай­сан М.Энхсайханы тол­гойл­сон Засгийн газрыг өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй нэр бүхий ардчилагчид хуй­валдан унагасан 1998 оны дөрөвдүгээр сараас хойш засагт хамтрагсад хий­гээд нам нэгтнүүд нь сэм нийлж, нам хуйвалдан зас­гийн га­зартай тооцоо боддог хон­зогнол түр намжиж байс­­наа дахин сэргэв бо­лолтой. УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтэц, бүрэл­дэхүүний талаар боловсруул­сан төлөвлөгөөгөө танилцуулна.

Яг одоо яригдаж байгаа хувилбараар “Шударга ёс” эвслийн сайд нарыг засгаас шахаж, МАН-ынхан буюу М.Энхболдын фракц АН-ын нэр нэгтнээр удирдуулсан бас нэгэн фракцтай хүч хавсран Засгийн газрыг унагахаар хүч­тэйхэн хө­дөлж болзошгүй.

Асуудал ингэж өрнөвөл Н.Алтанхуягийн толгойлсон Зас­гийн газар тэсч үлдэхэд тун хэцүү болно. Чухам тэр үед л саяхан хурлаа хийсэн МАН-ын доторх зүүнтнүүд хөдөлж эхлэхээр ярил­цаж тохиролцсон дуулдана.

2010 оны 8 дугаар сарын 21-нд тухайн үеийн МАХН-ын удирдлагууд болох Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд нийт зургаан зүйлтэй "Тэрэлжийн тунхаг" гэгчийг гаргаж, улмаар на­­мынхаа нэрийг сольж, өнөөгийн МАН буй болсон түүхтэй. Намын нэрийг солих их хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх "Хэрвээ МАХН нэрээ МАН болгож солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ" гэж мэдэгдэж байсан.

Үүний дараа Ц.Шинэбаяр, Н.Удвал тэр­гүүтэй хэсэг улс төрчид МАХН-ын түр штаб гэгчийг санаачилж, улмаар МАХН нэр­­тэй намыг дахин байгуулан Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг даргаараа сонгосон.

Ингээд уг нам М.Энхсайханы намтай эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сон­гуульд оролцсон ч угшил нэг­тэй ч шинэхэн сөргөлдөгч МАН-аас олон санал авч чадаагүй. Сонгуулийн үр дүнд шаралхсан МАН-ын ли­дерүүд улстөрийн өрсөлдөгч АН-ынхантай далдуур тохиролцож, нэгэн цагт намынх нь дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сүрт барив­чилгааг зохион байгуулсаныг монголчууд их багагүй харцгаасан.

Тэгвэл нэгэн цагт гутлыг нь үдэж өгөхөөс наахнуур наалдаж явсан С.Батболд, У.Хүрэлсүх нар Н.Энхбаяртай хэзээнээс сөр­гөлд­сөөр ирсэн С.Баяртай хүчээ нийлүүлж, шинээр бай­гуу­лагдах засгийг унагах, цааш­лаад Н.Энхбаяр гэдэг хүнийг улс­төр­чийнх нь хувьд “амьд үхдэл” бол­гохоор ханцуй дотроо наймаал­цаж, хамаг хүчээ нийлүүлцгээв.

Өнөөдөртөө тэдэнд Н.Энхбаярыг улстөрийн тавцангаас бүрмөсөн арчин хаяхаас илүү чухал ажил байхгүй бололтой. Учир нь Мон­голын улстөр зуныхаа амралтыг хараахан дуусаагүй байгаа. У.Хүрэл­сүх Н.Энхбаярыг хамгийн муу хүн болж харагдуулах гэхдээ хорон үгийг харамгүй хэлсэн байна.

Тэрбээр Н.Энхбаярын талаар “Бүтээсэн бүхнээ ну­раасан учраас МАН ч, МАХН ч ялагдсан. МАН -ын гишүүдийн итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан тэр хүн өөрөө бүтээснээ нурааж, өнөөдрийн энэ улс төрийн хямралыг бий болгосон” хэмээн шулуухан агсар­чээ. Н.Энхбаярын буруугаар 2012 оны сонгуульд ялагдсаны дараахан С.Батболд, У.Хүрэлсүх нар МАН-ын удирдлагаас огцорч, мөн л үүнээс гуравхан сарын дараа У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Олон нийт үүнийг У.Хүрэлсүх намынхаа нэрийг солиод ялагд­сан тул өөртөө хариуцлага тоо­цож байна гэж үзэж байсан ч тэрээр өөр бодолтой явснаа хоёр жилийн дараа ийнхүү мэдэгдэж, цээжин дотроо агуулж явсан өш хонзонгоо тайлжээ. Тэгвэл С.Батболд, У.Хүрэлсүх нарыг монголын улстөрд хөтлөн оруулсан Н.Энхбаяр саяхан л “Би маш хурдан очмоор байна. 2014 ондоо улс төрд ормоор байна. Бүх сум, хороогоор явах хэрэгтэй.

Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсад мэдээллийн хүчирхийлэл газар авчихсан үед юу ч гэж тайлбарлаж болохоор болчихсон байна. Тийм учраас үүнд анхааралтай хандаж, сууриараа зөв ажиллах ёстой” хэмээн намынхандаа тайлбарлаж байсан нь мөд хэрэгжих боломж­гүй болжээ.

Учир нь эрх бариг­чидтай хүч хавсарсан МАН-ын удирдлагууд далдуур хатгасаар түүнд дахин Эрүүгийн хэрэг үүсгэж дөнгөсөн. С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарын шинэхэн эвс­­лийн эцсийн зорилго бол М.Энхболдийг МАН-ын даргаас онхол­дуулж У.Хүрэлсүхийг суу­ринд нь залах, 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын одоогийн алдаан дээр дөрөөлөн хар пиар хийсээр ялалт байгуулах, улмаар Ц.Элбэгдоржийн дараа С.Баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч болгох гэдэг нь тодорхой болж байна. Энэ бүх төлөвлөгөөг нурааж мэдэх хүчтэй өрсөлдөгч нь АН-ынхан биш гагцхүү Н.Энхбаяр байх болно гэдгийг ч тэд яс махаараа мэдэрч байгаа.

Ямартай ч Н.Энхбаярыг Монголд ирүүлэх­гүй байх аргыг эрх баригчид одоохондоо атгаж суугаа болохоор С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа нам доторх хуйвалдаанаа эрчимжүүлж М.Энхболдийг унагах бүх л нөхцөл бололцоог идэвтхтэй эрж хайж эхлэх нь гарцаагүй.

Дараа нь тэд засаг руу мацаж эхэлнэ. Ер нь ч монголын улстөр иймэрхүү бохир ажиллагаан дээр тогтож, улстөрчид нь иймэрхүү “хор” найруулахдаа мэргэшсэн билээ. Одоо харин С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарын голлон тоглох ээлж ирсэн бололтой.

Д.Түвшин

Эх сурвалж: