sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун есдүгээр сарын дундуур хоёр хөлийн шагайндаа мэс засал хийлгэсэн бөгөөд одоо Пхеньяний эмнэлэгт хэвтэж байгаа тухай мягмар гарагт "Чосон ильбо" сонинд эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

“Ким Жөн Ун зургадугаар сард үзлэг шалгалт хийж явахдаа баруун шагайндаа гэмтэл авсан гэж би сонссон. Гэтэл хоёр шагай нь хоёулаа гэмтсэн байжээ” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

"Чосон ильбо" сонины мэдээлж буйгаар, Умард Солонгосын удирдагч намын өндөр албан тушаалтнуудын хэвтэн эмчлүүлдэг нийслэл хотын “Bonghwa Clinic” эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж.

Есдүгээр сарын 3-нд Пхеньянд концерт үзсэнийхээ дараа Ким Жөн Ун олны өмнө гараагүй гэж Өмнөд Солонгосын зарим хэвлэлд мэдээлсэн бол өмнөх арга хэмжээнүүдийн дүрс бичлэгүүд Умард Солонгосын удирдагчийг өвчтэй байж магадгүй гэдгийг харуулж байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг тэмдэглэжээ.

Пхеньянд болсон ээлжит арга хэмжээний үеэр Умард Солонгосын удирдагч илэрхий доголж байсан гэж Өрнөдийн хэвлэлүүд мөн мэдээлсэн байна. Үүний сацуу дээд удирдлагынхаа эрүүл мэнд муудсаныг Умард Солонгосын телевизийн операторууд нуухыг оролдоогүй нь урьд өмнө болж байгаагүй тохиолдол болсныг “Америкийн дуу хоолой” онцлон тэмдэглэжээ.

Эрүүл мэндийн асуудлаас гадна цэргийн дээд албан тушаалын түшмэлүүдийн “эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилж байгаа” энэ үед Пхеньянд байдал тогтворгүй байгаа нь Ким Жөн Ун олны өмнө гарахаас түр зайлсхийх шалтгаан болсон байж магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг