sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гурван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр хүргүүллээ. Тэрээр УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан дараах асуудалд онцгой анхаарал хандуулан, Засгийн газарт шаардлага тавьж мөрдүүлэн ажиллахыг УИХ-ын даргаас хүсчээ.

Уг шаардлагад "Нэгдүгээрт, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Монгол Улсын төсвийн гадуур зарцуулагдаж буй “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн орлого, зарлагыг нэгдсэн төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн. УИХ-ын дарга Та ч гэсэн бидний шаардлагыг бататгаж, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ бондын хөрөнгийн зарцуулалтыг төсөвт тусгаж оруулж ирэхийг Засгийн газарт чиглэл болгосон.

Иймд Засгийн газраас өргөн баригдах 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд бондын санхүүжилтийг тусгасан байдлаар Засгийн газраас хүлээн авч, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг сануулж байна" гэжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ оны 9 дүгээр сард ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг Улсын Их Хурлын намрын чуулганы эхэнд өргөн барьж хэлэлцүүлэх тухайгаа хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Иймээс ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийн асуудлыг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэж, шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдсан байдлаар боловсруулсан төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаагаа энэхүү шаардлагад онцолсон байна.

Мөн "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас хүлээн авч УИХ-аар хэлэлцүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 5.1.2, 5.1.3, 6.1 дэх хэсэгт заасан зарчмыг чанд баримтлан, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр орлого, зарлагыг нэг бүрчлэн, нарийвчилсан байдлаар тусгаж өргөн мэдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж, хуульд нийцсэн төсөл хүлээн авах арга хэмжээ авч ажиллана уу" гэж уг шаардлагад дурджээ.