sonin.mn

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн 83 жилийн ойн арга хэмжээ 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Прага хотын захирагчийн албаны болон Чехийн яам агентлагийн төлөөлөөл оролцсон байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чехийн засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус хүрээлэнгийн захирал ноён М.Бобек-ийг “Найрамдал” медалиар шагнасныг гардууллаа.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж өгсөн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд гүн талархал илэрхийлж БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.

БНЧУ-ын Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахийг унаган байгальд нь тавиад байна.