sonin.mn

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Халх голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9-р сарын 26-ны өдөр хүлээн авалт хийж, Монгол Улсын төр засгийн одон, медалиар шагнагдсан ОХУ-ын зарим иргэдэд шагнал гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

“Монголын анд нөхөд” оросын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Бабушкин Владимир Алексеевичийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одонгоор,  
Халх голын байлдааны ахмад дайчид Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарыг “Цэргийн гавьяаны улаан туг”-ын одонгоор,
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Цендына Анна Дамдиновна, ЗХУ-ын анхны хоёр удаагийн баатар нисгэгч С.Грицевецийн охин Архангельская Лариса Сергеевна, Халх голд босгосон хөшөө цогцолборыг биечлэн гүйцэтгэсэн ОХУ-ын ардын зураач  Бурганов Александр Николаевич нарын 7 хүнийг Найрамдал” медалиар, түүнчлэн 1939 оны Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн дурсгалын медалиар 26 хүн, Монгол Улсын БХЯ-ны “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр 5 хүн, “Хилчдийн алдар” 2-р зэргийн тэмдгээр 1 хүн, “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр 5 хүнийг тус тус шагнав.

Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл гардуулав.

ЭСЯ-ны хүлээн авалтад ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Дум, ГХЯ, БХЯ, СЕХ-ны төлөөлөгчид болон ахмад дайчид, тэдний үр хүүхэд, соёл урлагийн зүтгэлтнүүд уригдан оролцов.

Шагнал гардуулах үеэр Гнесиных-ний нэрэмжит Оросын хөгжмийн академи, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Улсын консерваторт сурдаг монгол оюутнууд ая дуугаа өргөв.