sonin.mn

БЭЭЖИН./Yonhap/. Пхеньяны гадаад бодлогыг тодорхойлон хянадаг Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гол хүн баасан гарагт Улаанбаатарт айлчилж, Монголын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийсэн тухай Монголын Гадаад харилцааны яам мэдээлсэн байна.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Кан Сок Жу Бельги, Швейцарь, Герман, Италид айлчлал хийснийхээ дараа Монголд иржээ.

75 настай Кан Монголын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхсан тухай Монголын Гадаад харилцааны яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хоёрхон өгүүлбэр бүхий уг мэдээлэлд ямар ч нарийн тодорхой зүйл байсангүй.

Гадаадад тун цөөн аялдаг Каны энэ удаагийн айлчлал нь Умард Солонгос илүү идэвхтэй дипломат үйл ажиллагаа явуулж байна гэж үзэхэд хүргэлээ. Харин Өмнөд Солонгосын албаныхны дүгнэж байгаагаар, энэ нь Умард Солонгосын хувьд тусгаарлагдсан байдлаас гарах гэсэн оролдлого ажээ.

Умард Солонгосын цөмийн дипломат бодлогыг барьдаг Кан 1994 онд Женевт АНУ-тай хийсэн цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээнд оролцсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг