sonin.mn

Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбатай ярилцлаа.

-Сүүлийн үед барилгын салбарт осол гарч хүний амь нас эрсдэх тохиолдол их гарч байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Барилгын салбар маш их өсөлттэй явж байгаа. Сүүлийн жилүүдэд барилга олноор баригдаж, хүмүүс ч их ажиллаж байна. Өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлтийн нэлээд хувийг барилгын салбарын өсөлт хангасан байгаа.

Зөвхөн барилгын салбар 78 хувийн өсөлттэй гарсан. Энэхүү өсөлт энэ онд бага зэрэг буурах боловч өсөлтэй байна. Тухайлбал, өнгөрсөн онд 20 мянган ажлын орон сууц ашиглалтад орсон. Монголын түүхэн ийм олон барилга ашиглалтад орж байгаагүй.

Энэ жил гэсэн энэ орчмын орон сууц орох үзүүлэлт гарч байна. Иймээс барилгын салбар маш өсөлттэй олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Ололтын хажуугаар дутагдал маш их байна. Энэхүү дутагдап нэг бол үйлдвэрийн осол юм.

Сүүлийн хоёр сард хүний амь эрсэдсэн осол гурав дараалан гарсан. Энэхүү гарч байгаа осолд яамнаас дүнгэлт хийж байгаа. Ер нь менежментийн дутагдалтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарал муу тавьсан болон мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулсан гэх зэрэг шалтгаанаас болж байна үзэж байгаа.

Харин одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас гарсан дүгнэлт манайд хараахан ирээгүй байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад акт тогтоодог. Тэр акт нь одоо хүртэл ирээгүй байна.

-Ер нь осол юунаас болж гарч байна. Мэргэжлийн хяналтаас гадна хэн хяналт тавих ёстой вэ?

-Одоо гарч байгаа ослын ихэнх нь талбай дээр байгаа зохион байгуулалттай холбоотой. Мөн аюулгүй байдлын ажиллагаа хангаагүйгээс болж байна. Аюулгүй ажиллагааг хангах тал дээр хангалттай норм дүрмүүд байгаа.

Энэхүү энгийн зүйлийг барилгын компаниуд мөрдөж ажиллахгүй байна. Мөн мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаагаас бас болж байгаа.

-Танай яам нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжийн ажиллагаанд ямар үүрэгтэй оролцог вэ?

-Салбарт норм дүрмииг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх арга хэмжээг авч ажилладаг. Яам бол бодлогоор хангадаг газар юм. Иймээс барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс яамнаас гарсан норм, дүрмийн дагуу ажиллах ёстой. Барилга дээр гарч байгаа осол яаманд туйлын бага хамааралтай.

Гарч байгаа ослууд танай гаргасан норм, дүрмээс болж гарлаа гэсэн асуудал ярьж байгаагүй. Иймээс барилгын осол гарсан тохиолдолд тухайн барилгын ажил явуулж байгаа газар болон талбайн инженер зэрэг хүмүүс хариуццаг хуультай юм.

Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлд барилга гүйцэтгэж байгаа байгууллагын үүрэг гэж байдаг. Энэхүү үүрэгт барилгын талбай дээр аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллана гээд заачихсан байгаа. Мөн барилга байгууламжийн тенхикийн хяналтыг улсын хяналтын байгууллага хяналт тавина гэж заасан байдаг.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэлхийхдээ “Зуншин компанийн барилга дээр шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчилтэй гарсан учраас яаманд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хүргүүлсэн. Гэвч хариу нь ирээгүй байна” гэж байсан. Ер нь танайд тусгай зөвшөөрөл цуцлуулах албан бичиг ирсэн юм уу?

-Ирсэн. Гэвч удалгүй араас нь мэргэжлийн хяналтын өгсөн үүрэг даалгаврыг бүрэн сайн биелүүлж, зөрчлийг арилгасан байна гэсэн албан бичиг ирүүлсэн байгаа. Ийм бичиг ирүүлчихээд яагаад ингэж хэлээд байгаа ч мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтын газарт хянаж гүйцэтгэхгүй зүйл их байгаа.

Иймээс тухайн аж ахуйн нэгжийн дотоод хяналтын байгууллага бас үүргээ биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах ёстой юм. Бид “Зуншин” ХХК-тай уулзаж хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих гэж байна.

-“Зуншин”, “Макс өргөө” гэх зэрэг компаниудад барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг яамнаас олгосон биз дээ?

-51 метрээс дээшхи барилгыг өндөр барилга байгууламж гэж үзэж манайхаас тусгай зөвшөөрөл буюу барилга барих эрхийг олгодог юм. Харин үүнээс доош барилгыг орон нутаг болон нийслэлийн засаг захиргаанаас олгодог.

Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг яамнаас шалгадатгүй. Энэхүү шалгалтыг Мэргэжлийн хяналтаас хийж, тухайн компаниуд өерсдөе үүргээ хүлээгээд явчихдаг юм.

-“Зуншин” ХХК-нд барилга барих зөвшөөрлийг хаанаас олгосон вэ?

-Манайхаас олгосон байгаа.

-Мэргэжлийн бус хүмүүс ажилласнаас болж, осол их гарч байгаа гэж байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг тухайн барилгын ажил явуулж байгаа компани шалгаруулж авах ёстой биз дээ?

-Ер нь бол тухайн барилгын ажлыг явуулж байгаа компани гэрээ хэлэлцээр хийж авах ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Одоо баригдаж байгаа барилга байгууламж дээр оюутнууд ихээр ажиллаж байна. Зуучлагч байгууллагууд оюутнуудтай гэрээ байгуулж, барилга дээр ажиллуулж байна.

-Мэргэжлийн хяналтын газраас осол аваарь гарсны дараа шалгалт хийж, зөрчил илрүүлсэн гэдэг мэдээлэл хийдэг. Мөн зөвшөөрөлгүй гэдгийг зарладаг. Тэгвэл зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад танайх хяналт тавьдаг уу?

-Хуулиар барилга захиалсан хүмүүс хяналтаа тавьж явах ёстой. Мөн зөвшөөрөлтэй газар бэйнэ уу, үгүй юу гэдгийг ч гэсэн захиалагч нь хариуцаж ажиллэх ёстой юм. Сүүлийн үед гарсан ослуудаас харж байхад үйл ажиллагаа явуулах эрхгүй газрууд ажлаад байгаа юм.

Тухайлбал, хоёр залуу амь насаа алдсан барилгэ дээр бас туслан гүйцэтгэгч зөвшөөрөлгүй байсан лээ. Одоо болтол бидэнд акт ирээгүй байна. Бид хүлээгээд л байж байна. Яамнаас барилгын компаниудыг шалгаж, акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй. Харин бид зөвлөмжөөр хангах үүрэгтэй юм. Энэхүү зөвлөмж өгөх ажлыг хийж байгаа.

-Зөвшөөрөлгүй барилга нэлээд их баригдаж байна. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?

-Орон нутгийн бүх захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын газар хяналтаа тавьж, үйл ажиллагаа явуулахгүй байх эрхтэй.

-Хүйтний улирал эхэлж байгаа учраас барилгын үйл ажиллагаа зогсох байх. Ер нь хугацааны хувьд хэдэн сард зогсох ёстой байдаг вэ?

-Ер нь бол технологиос хамаарна. Модон болон металл хийцийн барилгуудын үйл ажиллагаа зогсоохгүй. Хуучин журмаар арваннэгдүгээр сарын 1-15 хооронд барилгын бетон цутгалтын ажлыг зогсооно гэсэн журам мөрдөгдөж байгаа.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: