sonin.mn

Ганболдын БАЯР

/ 1982-2014 /

МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ганболдын Баяр нь 2014 оны есдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж үзэг нэгт нөхөд болон монголын утга зохиолын ертөнцөд нөхөж барашгүй гүн их харуусал орхилоо. Шүлэгч анд минь 1982 оны арван нэгдүгээр сарын 03-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн юм. Тэр эгэл малчны хүүхэд байсан. Шүлэгч анд минь төрөлх сумынхаа дунд сургуульд суралцаж, анхандаа радио техник сонирхож, айл, айлын эвдэрхий хүлээн авагчийг засч явсан билээ. Тэгээд даруй шинэ зуун эхлээд дөнгөж таван он өнгөрч байхад өөрийн сэтгэлийн дуудлагыг сонсч, шүлэг найргийн шүүдрийг түүж эхэлсэн юм, анд минь. Мэднэ дээ, мэднэ, Миний аавын цагаан овоо гээд л амтай болгон нь дуулж байсан. Одоо ч дуулж л байгаа. Андын минь анхны уран бүтээл нь энэ байсан. Сайн муугаар нь ялгадаг хүмүүс юм юм л хэлэх биз. Гэхдээ энэ дуу бол эрхэм нөхөрт минь ямархан их урам өгснийг цөөхөн хэдүүлээ үлдэж байгаа бид мэднэ. Түүний гадаад төрхийг шүлэгт хайртай, яруу найрагт дуртай хүмүүс мэднэ. Г.Баяр минь гэвч дандаа тийм байгаагүй юм шүү. Анхлан танилцахдаа “Дөрвөн нүдтэй дэлхий” номоо хэвлүүлчихсэн бас ч гэж шаггүй эв хаваа олчихсон найрагч байлаа. Өдөр ирэх тусам шүлгүүд нь улам чангарч “Азиза” номоо 2010 онд хэвлүүлэн утга зохиолын ертөнцөд шуугиан тарьж чадсан юм. Тэгээд болчихсон уу гэвэл үгүй ээ 2013 онд “Танихгүй цэцгийн үр” номоо хэвлүүлж мөн зохиолчдын эвлэлдээ элсэж, өдийгөөс яг сарын өмнө шилдэг залуу уран бүтээлчдэд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг хүртсэн юм. Эрхэм бидний анд орчлон хорвоо дээр дуурсган дуулагдах олон арван дуу бүтээснээс гуч гаруй шүлэг нь дуу болж түүнээс бидний сайн мэдэх “Цагаан овоо” “Бурхан залуу нас” “Дүү минь” “ Амжилт хүсье” “Тунсаг гоо” “Нүдэн гоо” зэрэг дуунууд сэтгэл зүрхнээ хоногшин эгшиглэсээр буй билээ. 2014 оны хавар гуравдугаар сарын 31-ны өдөр “Тэнгэрийн сүм эх орон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж бид бүхэндээ үргэлжийн шинэ бүтээлээрээ содон хэвээр бэлэг барин амьдран ирсэн юм. Нэгэн цагт -
...Хаврын чинь ногоонд үснийхээ ширхэг бүхнийг өгнө
Намрын чинь салхинд уй гунигаа өгнө
Нуурын чинь зэгсэнд сормуусаа өгнө
Цэцгэнд чинь цамцаа тайлж өгнө
Жимсэнд чинь уруулаа өгнө
Цаг хугацаанд чинь цэл залуу насаа өгнө
Охидод чинь зүрхээ урж өгнө
Өвсөнд чинь хийл хөгжмөө өгнө
Ууланд чинь дотоод мөн чанараа өгнө
Хадны чинь цуурайнд мөрөөдлөө бичиж өгнө
Тэгээд би хүрэн эрээн бүргэд болонхон
Таныхаа хамгийн өндөрлөг, хамгийн их цас унадаг царманд чинь
Үүрээ засаж өндөг дарах болно...
Эх орон минь... хэмээсэн найрагч найз минь хамгийн их цас унадаг царам тийш үүрээ засахаар жигүүр дэлгэжээ.
Хүмүүн урт богино амьдарсан нь хамаагүй. Гагцхүү утга учиртай амьдрах нь чухал хэмээсэн үгийг эрхэм анд чинийхээ гэгээн дурсгалд зул болгон өргөе.

Ум сайн амгалан болтугай.

ЗАЛУУ ЗОХИОЛЧДЫН НЭГДЭЛ