sonin.mn

Хоёр хөрштэй харилцах гэнгүүт манайхны толгойд хамгийн түрүүнд төмөр зам, хийн хоолой, нүүрс, ордог болчихсон. Өөр “юм” хааяа бодох боловч жингээрээ дээр дурдсан хэдийг гүйцэхгүй. Гэтэл саяын Бишкекийн уулзалт дээр хөндсөн нэг чухал асуудлыг манайхан бараг анзаарахгүй байх шиг. Энэ тухай өгүүлсү…

Бишкект юу ярьсан бэ…


Миний л санаж байгаагаар ийм тодорхой асуудал хөршүүд маань тавьж байгаагүй. Энд би хүн бүхний мэдэх төмөр зам, хийн хоолой, нүүрсний гэх мэт асуудлыг яриагүй байна. Тэгээд юу ярьсан гэж ?!
Путин ингэж хэлэв: “Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно”.
Энэ бол миний ойлгосноор нэн тодорхой санал юм. Үүнийг Хятадын тал өлгөн авав.


Си цинпин ингэж хэлж байна: “Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 киловольт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан. Мөн хил дамнасан цахилгаан сүлжээ, цахим сүлжээний бүтээн байгуулалтын талаар судалж байна. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно”.
Эндээс их олон юм бодож “иж бүрэн сэтгэж” болмоор санагдана. Гэтэл аанай л хуучнаараа төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хийн хоолой, нүүрсээ л бодоод байх шиг. Ямар ч гэсэн одоогоор энэ асуудлыг манай талаас анхаарч хөндсөн хүн алга. Тэгээд л эл өгүүллийг бичиж байгаа юм.


Эрчим хүчний системийн тухай


Цахилгаан эрчим хүч бол хүн төрөлхтний гол хэрэгцээ, хэрэглээ мөн. Түүнийг хамгийн хол, хамгийн хямд зардлаар дамжуулж болно. Цахилгаан эрчим хүч бол систем болж байж хамгийн үр ашигтай байдаг. Эхлээд улс орны дотоодод, дараа нь олон улсын түвшинд.
Боловсруулсан эрчим хүчийг хадгалж болдоггүй. Түүнчлэн аль ч улсын эрчим хүчний ачаалал жигд байдаггүй, зарим үед илүү гарч, зарим үед дутдаг. Хэрэв систем болгон холбосон тохиолдолд илүү гарсан үедээ дутуу руугаа шилжүүлээд харилцан ашигтай ажиллаж болдог. Энэ нь эрчим хүчний аварга систем бүрдэх үндсэн нөхцөл болдог. Европ гэхэд л дан ганц үндэсний эрчим хүчний системээрээ явдаг улс ганц ч байхгүй. Бүгдээрээ хоорондоо холбогдсон. Энэ нь бүх улсуудад ашигтай, хэрэгтэй байдаг.


Хятадын эрчим хүч


Энд элдэв тоо хэлж байснаас зүгээр л хязгааргүй гээд ойлгочихвол амар. Гэхдээ Хятадын эдийн засаг далайн эрэг, төв хэсгээсээ хойд болон баруун, баруун хойт зүг рүүгээ чиглэж байгаа. Ингэхлээр эрчим хүчний системийн хөгжил нь урдаасаа хойшоо чиглэлтэй гэж үзэж болно.
Энд би Хятадын эрчим хүчний нийт системд үнэлгээ өгөх зорилго тавиагүй гэдгээ онцлон дурдаж байна. Хятад эрчимтэй хөгжиж буй эдийн засгаа эрчим хүчээр хангах бодит шаардлагатай тулгарч байна. Гэхдээ тэд “урд талаасаа хойшоо” явж байна. Тэд асар их бүтээн байгуулж буй боловч эрчим хүчээр ихээхэн дутагдаж байна…


Сибирийн эрчим хүч


Оросын эрчим хүчний системийн ихэнхи нь яг манай хойно Сибирьт байдаг юм. Тэгээд ч манайтай шууд холбоотой учраас Сибирийг тусгайлан авч үзэх шаардлагатай. Сибирийг бид “мэддэг” мэт боловч бараг мэддэггүй юм. Одоо аваад үзье.
Оросын Сибирь, Алс Дорнодын нутагт аварга том гол мөрөн элбэг учир голдуу усан цахилгаан станц барьсан юм. Эдгээр нь голдуу дэлхийд томдоо орох УЦС-ууд болно.
Манай хойно байгаа Оросын УЦС-уудыг том дунд, жижиг хэмээн ангилна. Манай хойно буй Оросын 1000МВт-аас илүү чадалтай УЦС-ыг нэрлэе.
Енисей мөрөн дээр Саяно-Шушенск (6400), Красноярск (6000), Ангар мөрөн дээр Братск (4500), Усть-Илим (3840), Богучунский (2667), Амур буюу монголоор Хар мөрөн дээр Бурей (2010), Зейн (1330) УЦС-ууд байна. Хаалтад буй тоо нь суурилуулсан хүчин чадлыг МВт-аар илэрхийлсэн.
Монголчууд бидний сайн мэдэх, бидэндээ аварга том санагдах Эрхүүгийн (662.4), Новосибирскийн (460) УЦС-ууд бол орос хэмжигдэхүүнээр дунд болон жижигтээ орно. Нийтдээ бол манай хойно тоймгүй их хүчин чадалтай “хар мянган” УЦС буй…
Энэ аварга системтэй манайх Галуут нуурын ДЦС-аар холбогдоно. Энэ нь тухайн үеийн хэрэгцээ, шаардлага хийгээд манай үйлдвэржүүлэх бодлоготой холбоотой байсан байх. Энэхүү Галуут нуурын ДЦС (ГРЭС) 1100 МВт-ын хүчин чадалтай дунд зэргийн эд. Манай эрчим хүчний системийг тэнцвэржүүлэгч гол хүчин зүйл.


Шинэ том систем үү…


Путины тавьсан саналаас үзэхэд Оросууд эрчим хүчээ Хятадад нийлүүлэх сонирхолтой байна. Хятад ч татгалзсан юм алга, харин ч дуртай байх шиг.
Тэгвэл Орос, Хятадын эрчим хүчний шугам холбогдвол Монголд ашигтай юу ?!


Миний баттай мэдэж байгаагаар Оросын эрчим хүч хамгийн хямд. Ялангуяа УЦС-ын эрчим хүч бол бүр хямд. УЦС бол барихдаа л хөрөнгө оруулалт их ордог болохоос нэг барьсан хойноо бол бараг үнэгүй цахилгаан өгдөг эд. Хятад бол ямар ч их эрчим хүчийг шингээх том эдийн засаг. Түүнээс гадна нүүрс шатаахаас тэд татгалзах хандлагатай байгаа.
Хэрэв Орос, Хятад хоёр цахилгааны сүлжээгээр холбогдвол хэрэглээ, боломж, хүчин чадал нь манайдаа л хязгааргүй гэж ойлгож болно. Тэдний хувьд манай хэрэглээ бол ёстой хүүхдийн тоглоом л гэсэн үг. Хамгийн хямд эрчим хүчийг “зүгээр сууж” байгаад олох боломж нээгдэж байгаа юм биш үү ?!
Нэг сүлжээнд орвол хэн нь ч хэндээ эрчим хүч өгч болно. Ухаандаа Хятадаас Орос руу эрчим хүч нийлүүлж болно. Манайх ч гэсэн хоёр тийш нийлүүлж, бас авч болно. Энэ нь дэлхийн эргэлт, эрчим хүчний ачаалал, оргил ачааллын бүсийн ялгаа зэргээс хамаардаг бололтой юм билээ.


Гэвч хартай хүмүүс эрчим хүчний хэт хамааралд орно гэж шүүмжлэх нь гарцаагүй.
Нэгд, Орос Хятадад эрчим хүч нийлүүлж байгаа болохоос манайд нийлүүлээгүй. Хоёр. Манайх зөвхөн дундаас нь гэрээ хийж эрчим хүч авна. Гурав. Манайд хатуурхсан ч “тог” таслах боломжгүй. Учир нь хөршүүд л хохирно. Дөрөв. Бид мөнгөтэй болбол өөрсдөө цахилгаан станц барьж сүлжээнд залгаад эрчим хүч түгээж, бас экспортлож болно. Тав. Эрчим хүчний энэ сүлжээг салаалж шинэ сүлжээ үүсгэх боломжтой. Зургаа. Ямар нэг хэмжээгээр татвар авна. Долоо. Бид хоёр хөрштэйгээ интеграцид орсон эрчим хүчний том сүлжээтэй болно.
Энэхүү интеграци хамгийн чухал нь юм. Хоёр хөрштэйгээ интеграцид орохгүйгээр манай эдийн засаг хөгжихгүй нь дэндүү ойлгомжтой. Бид үндэснийхээ эрчим хүчний системийг хоёр хөрштэйгээ өргөтгөн холбоход хохирох зүйл үгүй гэж би бодож байна.
Ленин: “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл сая коммунизм болно” гэсэн суут үг хэлсэн нь буй.


Багцаагаар ойлговол Орост цахилгаанжуулалт нь байна, Хятадад “зөвлөлт засаг” нь байна. Энэ хоёрыгоо тэд “нэмэх” гэж байна. Ингэвэл Монголд “коммунизм” болох юм биш үү ?!


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?