sonin.mn

Монгол Хятадын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа шулуун дардан яваагүй. Ололт амжилтын зэрэгцээ ээдрээ төвөгтэй цаг үеийг туулж өнгөрүүлсэн түүхтэй. Харин сүүлийн 15 жилийн харилцаа сэргэн идэвхижиж, өөдрөг байдлаар хөгжиж байна.

БНХАУ бол манай Монгол улстай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог хамгийн том хөрш билээ.

Чухамдаа хөрш бол хөрш. Сайн байнаа гээд нийлчихэж болдоггүй, муу байнаа гээд нүүгээд явчихаж болдоггүй тийм л бодит хүчин зүйл, хувь тавилан манай хоёр улсыг холбож байдаг юм.

Тэр нь манай хоёр орон, ард түмний язгуур эрх ашиг сонирхол, хөгжил дэвшлийн зорилго зорилтод бүрнээ нийцэж байдаг юм.
Түүх, улс төрийн судлалын хүрээнээс үзэхэд: Монгол Хятадын орчин цагийн харилцааны замналыг гурван үндсэн үе шатанд багцалж онцлог шинж байдлыг дүгнэн гаргаж болох юм.

Хоёр улсын хилийн зааг 1962 онд тодорхой болгосон

 


Эхний үе шатанд: 1949 оноос, 1960-аад оны эх хүртэлх хугацааг хамааруулж болно. Энэ үе бол хоёр улсын харилцаа тогтвортой, харилцан хөгжиж байсан үе юм. Чухамхүү энэ онуудад Монгол Хятадын хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт өргөжин, Монгол оронд үр шим нь олон талаар тусгалаа олж байлаа.

Энэ цаг үеийн онцлог түүхэн үйл явдалуудаас дурдахад: 1959 оны тавдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д албан ёсны айлчлал хийж “Монгол, Хятадын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр” -ийг анхлан байгуулж гарын үсэг зурсан билээ. Энэхүү айлчлалын үр дүнд байгуулсан гэрээ хэлэлцээр нь манай хоёр орны найрамдалт харилцаа хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн юм.

Түүнчлэн 1962 оны 12 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал БНХАУ-д албан ёсоор айлчилж, энэ үеэр “Хоёр улсын хоорондын хилийн гэрээ” байгуулж, хоёр орны хооронд хилийн шугам заагийг тогтоож хууль ёсоор баталгаажуулжээ. Энэ нь их, бага улс орны хувьд онцгой чухал явдал төдийгүй олон улсын ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.

Хоёр гүрний сөргөлдөөний дунд хохирогч болсон он жилүүд

 


Хоёрдугаар үе шатанд: 1960-аад оны эхнээс 1980-аад оны эцэс хүртэлх хугацааг хамарч байна. Энэ онуудад хоёр орны харилцаа зогсонги байдалд орж Зөвлөлт Хятадын сөргөлдөөний талбар үзэл суртлын хурц тэмцлийн бай болж хувирсан шинж онцлогтой байв.

Үнэндээ хоёр их гүрний дунд оршин тогтнох жижиг улсын хувьд тэдний хоорондын сөргөлдөөний үед төвийг сахих бодлого ямар ч боломжгүй маш хэцүү байдалд ордгийн нэг тод жишээг манай улс харуулж билээ. ЗХУ, БНХАУ-ын хооронд сөргөлдөөн гарахад Монгол улс аргагүйн эрхэнд зөвхөн Зөвлөлтийг даган нэг талыг баримтлах бодлого барьсан юм.

Тэр үед дэлхий дахинд өрнөсөн “хүйтэн дайн”-ы болон Зөвлөлт Хятадын сөргөлдөөний нөлөөнд Монол улс орж ЗХУ-ын Холбоотон болж өөрийн нутаг дэвсгэрт байршуулсан юм. Хожим энэ байдлыг Хятадын эрдэмтэн Сюй Юаньцин дүгнэж бичихдээ: “Үнэн чанартаа Монгол улс тэр үед Хятад, Зөвлөлтийн сөргөлдөөний дунд хохирогч болсон юм” гэжээ.

Оросын цэргүүдийг Монголоос гаргаж, урд хөрштэй найрсуулав

 


Гуравдугаар үе шат: 1980-аад оны эцсээс өдгөө үе буюу 2000 оны эхэн үе хүртэлх он жилүүдийг хамарч байгаа юм.
Наяад оны дундуурх ЗХУ-ын перестройка нь юуны түрүүн ЗХУ, БНХАУ-ын хооронд 30 шахам жил үргэлжилсэн гүнзгий зөрчлийн мөсийг хайлуулж эхэлсэн билээ. Тухайн үеийн зөвлөлтийн удирдлага БНХАУ-ын талаас байнга тавьж ирсэн гурван шаардлагын нэг болох БНМАУ-аас цэргээ татан гаргах асуудлыг нааштай шийдвэрлэх тухай байлаа.

Зөвлөлтийн удирдагч М.С.Горбачёв 1989 оны тавдугаар сард Бээжинд хийсэн айлчлалаар Зөвлөлт Хятадын хоорондын олон жилийн дайсагнал эцэс болов. Монголоос Зөвлөлтийн цэргийн бие бүрэлдэхүүнийг 1989-1991 онд бүрэн гаргах үйл явдал хэрэгжив.

Зөвлөлт Хятадын харилцаа сайжрахыг дагалдан БНХАУ, Монгол улсын хоорондын харилцаанд эргэлт гарч, сайн хөршийн хэвийн харилцаандаа эргэн орох үйл явцын шинэ үе шатны эхлэл тавигдаж, өдгөө хүртэл амжилттай хөгжиж байна.

1990 онд Монгол Улсын төрийн тэргүүн П.Очирбат БНХАУ-д, 1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанькунь Монгол улсад албан ёсны харилцан айлчлал хийснээр сүүлийн 40 жилд болсон анхны албан ёсны дээд хэмжээний айлчлалууд байлаа.

Улмаар 1994 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр тал найрамдалт харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг дахин байгуулж гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ нь манай хоёр орны найрсаг харилцааны шинэ үе шатны улс төр эрх зүйн үндсийг тавьж өгсөн юм.

Үүнээс хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл боловсрол, цэргийн гэх мэт салбарыг хамран, тогтвортой , үр ашигтай хөгжих хэвийн голдиролдоо эргэлт буцалтгүй орсон гэж үзэж болно. Хоёр орны хил консулын харилцаа сайжирсан нь харилцан худалдаа хийх, иргэдийн солилцоо, ялангуяа Монголын иргэдийн хувьд БНХАУ-ын хилийн бүсүүдэд тодорхой хугацааны дотор чөлөөтэй нэвтрэх явдалд ихээхэн чухал дэмжлэг болсон юм.

Иргэдийн солилцоо үлэмж өргөжсөн. Тийнхүү Монгол улс, БНХАУ-ын хоорондын эдийн засгийн хэлхээ холбоо нь хилийн худалдаагаар эхэлж улам өргөжин баяжиж, хөрөнгө оруулалт хамтарсан пүүс компани болон санхүүгийн салбарт өсөн дэвжсэн болно.

1990-2011 онуудад Монгол Улсад нийт 9,8 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 3,48 тэрбум нь БНХАУ-ын хөрөнгө оруулалт болж байгаа нь манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын 35 хувийг эзэлж байжээ. Мөн 1992 оноос эхлэн өдгөө хүртэл 400-гаад сая юаний хөнгөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгосон байна.



Монголын малчид Хятадын ноолуурын үйлдвэрт түүхий эд бэлтгэгч болсон

 


Харин энэ бүх харилцааны үр дүнд манай улсын хувьд үр ашиг юу байв, ямар хувь нэмэр оруулав, томоохон үйлдвэрийн газар,барилга байгууламж, бүтээн байгуулалт сүндэрлэж босов, нийт хүн амын амжиргаа амьдралын түвшин хэр зэрэг дээшлэв... энэ тэр гээд бодоод үзэхээр санаж бодож төлөвлөсөн, тооцоолсон, албан ёсны яриа хэлэлцээр, баримт бичгүүдэд тусгаж тунхагласан тэр хэмжээ түвшинд, зорилго зорилтод хараахан хүрсэнгүй гэсэн сэтгэгдэл арга буюу төрөөд байгааг хэлэхэд илүүдэх юун!

Энэ нь чухамдаа манай талын олхиогүй, идэвхи санаачлагагүй, ажил хэрэгч биш, эх орон ч биш байдалтай шууд холбоотой. Өрөөлийг буруутгах учиргүй.

1990 оноос хойших энэ он жилүүдэд урд хөрштэй хөгжүүлж ирсэн эдийн засгийн хамтын ажиллагаа Монголын хувьд төдийлөн дорвитой үр ашиг өгсөнгүй. Хоёр улсын иргэд хоорондын арилжааны харилцаа зонхилж ирсэн нь хувь хүмүүст ашигтай мэт боловч Монголын арьс, шир, ноос ноолуурын салбарууд Хятадтай өрсөлдөх ямар ч чадваргүйг харуулав.

Манайд дээрх чиглэлийн үндэсний үйлдвэрлэл ч олигтой босож өндийсөнгүй. Монголын малчид үнэн чанартаа Өвөр Монголын ноолуурын 600-аад үйлдвэрт түүхий эд бэлтгэгч болж хувирсан ч тэдний амьдрал олигтой дээшилсэнгүй.

Түүнчлэн Монголын зарим компаниуд Хятад ажилчдыг олноор нь ирүүлж ажиллуулдаг, тэдний нэг хэсэг нь хууль бусаар Монголд үлдэж гар аргаар алт олборлох, эсвэл Монголын алт олборлочдод мөнгөн ус зэрэг химийн хортой бодисыг зөвшөөрөлгүй худалдаалах гэх мэт улс орны иргэдийн болоод экологийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол байлаа.

Хятад улс “Монголыг булаан эзэлж биш худалдан авч байна”

 


Монголын эдийн засаг дахь БНХАУ-ын оролцоог чөлөөт зах зээлийн хууль гээд урсгалаар нь орхих биш судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоож бодлогод тусгах явдал чухал байна. Төрийн зохицуулалтгүй орхисон эдийн засгийн үйл явц аяндаа монголыг хятадын эдийн засгаас бүрэн хараат байдал руу хөтөлж байгаа юм.

Тиймд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг тууштай баримтлах нь хамгийн чухал. 2003 онд Хятадын дарга Ху Зинь Тао Монгол Улсад айлчлах үеэр талууд ашигт малтмал, уул уурхайн салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон.

Үүнээс хойш барилга, нийтийн салбарт жин дарж байсан Хятадын хөрөнгө оруулалт уул уурхайн чиглэл рүү хөтөлж, өдгөө Монгол улс дахь тус улсын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлж байна.

Баялгаа ямар ч боловсруулалтгүйгээр, түүхийгээр нь Хятад руу зөөсөөр байна. Үүнтэй зэрэгцэн Монголын байгаль экологи бидний нүдэн дээр эвдрэн доройтсоор байгаа билээ. Гэтэл Бээжин Монголтой хиллэдэг газар нутгаа эрчимтэй хөгжүүлж олон хот тосгод зэрэг хөгжлийн бүтээн байгуулалтыг барьж босгосоор байна.

Гадны зарим нийтлэлч, судлаачид “ Хятад Улс Монголыг булаан эзэлж авч байгаа биш харин худалдаж авч байна”, “Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье. Эдийн засгийн нөхцлүүд бий болчихсон, одоо улс төрчид ажлаа хийх нь үлдэж байна...” гэх мэтээр бичиж нийтэлж байна.

Үүнийг хоёр орны харилцаанд ан цав суулгах гэсэн оролдлого гэж шүүмжлэн хандахаасаа илүү бид маш хариуцлагатай, овсгоотой, ухаалаг ажиллах шаардлагатайг харуулж буйн дээр эндээс үлэмж ашиг олох сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Монгол Хятадын харилцааны түүхэнд 2014 он шинэ хуудас болж үлдэнэ


Хятад гадаад бодлогодоо “Эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш, хөгжилтэй хөрш”-тэй байхыг эрхэмлэсэн чиг шугам баримталдгаа ил тод зарлан тунхагладаг.
Энэ ч үүднээс 2014 оны 8 дугаар сарын 21-22-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн үйл явдал гэрчилнэ.

Уг айлчлалын хамгийн чухал үр дүн нь хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан явдал. Мөн эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа сэргээж тогтвортой болгох, манай томоохон төслүүдэд оролцох явдал.

Энэ хүрээнд нийт 20 гаруй гэрээ хэлэлцээр, санамж бичигт, албан ёсоор гарын үсэг зурлаа. Монголын талаас ихээхэн ач холбогдол өгч хүлээж байсан хэд хэдэн асуудлын нэг далайд гарцгүй орны хувьд бид урд хөршөөр дамжуулан гуравдагч орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулах тээвэр хийх таатай гэрээг үзэглэснээр тус улсын найман ч боомтыг ашиглах боломж бүрдэж байна.

Олон жилийн турш маргасан төмөр замын царигтай холбоотой асуудлыг ч бас энэ хүрээнд шийдлээ гэж ойлгож болно.

УИХ-ын хаврын чуулганаар “Хэрэв БНХАУ-ын тал транзит тээвэр хийх боломж бүрдүүлбэл урд чиглэлд нарийн царигаар төмөр зам тавьж болох юм” гэж үзсэн. Тэгэхээр Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигтийн боомтын чиглэлд нарийн цариг тавих нь тодорхой боллоо.

Тусгаар тогтнолоо хамгаалах баталгааг урд хөршөөс авлаа


Си Зиньпин айлчлалынхаа өмнөхөн монголчуудад илгээсэн бичлэгтээ “ Газарзүйн төдийгүй хамтын ажиллагаа, сэтгэлийн найрсаг сайн хөрш байхыг” зорьсноо уламжилсан байсан. Газар зүйн байршил гэдэг үгэн дээр ноён Си Зиньпин ач холбогдол өгснийг тэндээс харж болно.

Монгол Хятад хоёр мөнхийн хөрш. Хоёр их гүрний дунд оршдог учраас Монгол Улс тэдэнтэй эв эеээ хичээж, найрсаг байхыг гадаад бодлогынхоо чиг болгосоор ирсэн. Хоёр хөршийн болгоомжилдог нэг зүйл нь манай гуравдагч хөршийн бодлого.

Өнөөх гуравдагч хөршүүд нь Монголыг өөрсдийнх нь эсрэг ажиллагаа явуулах түшиц газар болгох вий гэсэн болгоомжлол тэдэнд байдаг.

Тиймээс манай талаас “Гуравдагч хөршийн бодлогод хүндтгэлтэй хандаач. Энэ нь хоёр хөрштэйгээ тогтоох харилцаанд огтхон ч сөргөөр нөлөөлөхгүй үндэсний эрх агшаа хамгаалах бодлоготой” гэсэн санаагаа илэрхийлжээ.

Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээнд ч энэ асуудлыг тусгажээ. Өөрөөр хэлбэл талууд бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, гэрээ байгуулахгүй, ямар нэгэн эвсэл бүлэглэлд нэгдэхгүй... тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс байгууллагад зөвшөөрөхгүй гэсэн юм.

Тусгаар тогтнолоо хамгаалах, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэх баталгааг ийнхүү урд хөршөөс гаргуулж авлаа гэсэн үг. Мөн айлчлалын хүрээнд шийдсэн бас нэг том асуудал нь БНХАУ-д ял эдэлж буй монголчуудаа шилжүүлж авах гэрээг баталгаажуулсан.

Нэгэнт иж бүрэн түншлэл хөгжүүлэхээр болсон учраас эдийн засаг, нийгэм соёл гээд бүх салбарт хамтран ажиллах нь ойлгомжтой. БНХАУ-ын дарга Монголын талд эдийн засаг техникийн болон боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай туслалцаа зэргийг үзүүлэх цогц төлөвлөгөө санал болгосон.

Ийнхүү манай төрийн тэргүүн болон БНХАУ-ын удирдагчийн онцолж буйгаар дэлхийн улс төрийн уур амьсгал өөрчлөгдсөн цагт хэн хэндээ ашигтай шийдлүүд гаргаж, харилцаагаа дээд шатанд хүргэсэн учраас энэ айлчлал түүхэн гэсэн тодотголтой болж үлдлээ.

Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор  Л.Хайсандай