sonin.mn

Монгол Улс Олон улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэлээ.

НҮБ жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын Энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан 2001 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.  Тус өдрийг Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар, шашнуудын төлөөллүүд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Чингисийн талбайн урдах цэцэрлэгийн Энх тайвны хонхны дэргэд тэмдэглэн өнгөрүүллээ.

 Уг үйл ажиллагааг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу үг хэлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Энх тайвны Илгээлтийг уншиж танилцуулан, Энх тайвны хонхыг цохин, зул мандаав.

Үүний дарааМонгол дахь шашнуудын төлөөлөл болох Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Бага Хөлгөний Драмакаяа Бясалгалын Төв, Шинто Оомото Монгол төв, Христийн шашны төлөөлөл Католик сүм,  Хинду шашныг төлөөлж Индия клуб , Иудейн шашны төлөөлөл, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Ананда Марга Бясалгалын төв, Бахай шүтлэг зэрэг шашнууд үүсэл он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул мандааж, Энхтайвны хонхыг цохих ёслол үйлдлээ. Төр засгийг төлөөлж НИТХ-ын  Захиргаа, хууль зүйн дарга Д.Азжаргал үг хэлэв.

 Энэ өдрийн үд дундад Нью Йорк дахь НҮБ-ын Төв байранд НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Энхтайвны хонхоо цохиж дэлхий нийтийн энх амгалан, энх тайвны төлөө нэг хором дуугүй зогсон хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Монгол дахь үйл ажиллагаанд хуран цугласан олон мөн нэг хором дуугүй зогсож хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү  НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, бүх шашны болон төр засгийн төлөөллүүд Энх тайвны Хонхыг хамтдаа цохиж, дурсгалын зураг татуулснаар уг ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Энэ өдрийг Монгол дахь бүх шашны төлөөлөл энх тайвны төлөө мөргөл залбирлын өдөр болгон оюун санаанлаг байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд дэлхийн ард түмэн, улс орнууд, хүн ардынхаа эв нэгдэл, энх тайвны төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэл зоригийн илэрхийлэл болгон уламжлал ёсоороо шашнууд өөр өөрсдийн сүм хийд, төв дээр олон нийтэд нээлттэй мөргөлийн уулзалт цуглаан зохион байгуулдаг.

Мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид Монгол орон даяар сургууль, соёл, төр, иргэний нийгмийн байгууллагуудыг тус өдрийг өөр өөрсдийн хүрээнд тэмдэглэн, улс үндэстнийхээ болон дэлхий нийтийн эв нэгдэл, энх амгалан амьдралын төлөө үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг уриалав.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг