sonin.mn

"ОюуТолгойн гэрээг би толгойгоороо хариуцна" хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр өвчний учир гэх шалтгаанаар ажлаа өгмөгцөө АНУ-ыг зорьсон билээ.
Үүний дараахан АНУ-д хувийн байшингийнхаа зүлгийг услаад зогсож буй түүний зураг интернэтээр тархаж, эхнэр, охинтой болсон,  АНУ-ын иргэн болсон, АНУ-д суралцаж байгаа гэх мэтчилэн олон мэдээлэл гарч байсан юм.
Тэгвэл тэрээр Монголдоо суурьшин, амьдарч эхэлсэн байна.
Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслол дээр олны өмнө гарсан тэрээр ихэвчлэн хөдөө орон нутгаар аялж буй аж.


Гэхдээ улиралд нэг удаа АНУ-ыг зорьж, шинжилгээ өгдөг гэнэ.
Тэрээр "Өнөөдөр" сонинд товч ярилцлага өгөхдөө УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй гэдгээ дурьдаад өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар:
"Хөдөө орон нутгаар явж байхад дэлгэр сайхан намар болж байна. Монголчууд маань амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Тиймээс ам сайтай л байна. Хараад байхад юмны үнэ өсөөд байна. Хүмүүсийн гар дээр тавьж байгаа мөнгөөр авдаг бараа үйлчилгээний хэмжээ нь багасаад байх юм. Тэгэхээр энэ нь болохгүй л байгаагийн шинж шүү дээ. Чухам яаж шийдэх юм гэдэг дээр бодох хэрэгтэй байх."  хэмээн өгүүлжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр дурсамж номоо бичихийн сацуу хувийн байшин барьж байгаа бололтой.

Э.Мягмардорж