sonin.mn

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ.

Интермед эмнэлэг нь европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хэлсэн үгэндээ “Хувийн хэвшлийн компаниуд урт хугацаанд нийгэмд өгөөжөө өгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Гадаадад эмчлүүлэх, оношлуулаад нэг жилд 20 гаруй сая долларын зардал гарч байна. Энэ эмнэлэг нээгдсэнээр иргэдийн эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг чадварт итгэх итгэл улам нэмэгдэж, гадаадад явж эмчлүүлэх урсгал багасна. Европ стандартын дагуу баригдсан орчин үеийн энэ эмнэлэг зөвхөн монголчууд бус ойр хавийн бүс нутгийнхан ирж үйлчлүүлдэг том төв болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.


Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын Юнайтед Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцаж, монгол эмч мэргэжилтнүүд америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношлогоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус эмнэлгийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд оролцож, төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.

Интермед эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.