sonin.mn

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубынхан Ажиа Гэгээний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босч буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгохоор өнгөрсөн амралтын өдөр мод тарив.

Тэд зургаан нэр төрлийн 44 мод тарьсан юм. Эдгээр залуус жил бүр уламжлал болгон  мод тарьдаг бөгөөд энэ жил тус эмнэлгийг сонгожээ. Энэхүү үйл ажиллагаанд Ажиа Гэгээн өөрийн биеэр оролцож мод тарьсан хүмүүст талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулжээ.

“Цэцэрлэгжилт” ХХК 700 мянган төгрөгийн модны үндсээр туслалцаа үзүүлж, ургуулах, арчлах тордох болон төгөл үүсгэх талаар холбогдох мэргэжлийн зөвлөгөөг компанийн инженер, архитектурууд өгсөн юм.
Мөн н.Нямжаа хэмээх өндөр  настан 100 мянган төгрөгийн туслалцаа үзүүлж шороо, элс худалдан авах зардлыг гаргажээ. Залуу дугуйчин клубын хамт олон мод тарьсныхаа дараа Эх нялхасын эмнэлгийн хамт олонд хүлээлгэж өгчээ.

Дашрамд дурдахад, тус клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах, мөн аяласан газар бүрийнхээ хогийг цэвэрлэх зэрэг сайн санааны олон ажлыг өөрсдийн санаачилгаар хийжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг