sonin.mn

Улаанбаатар хотноо саяхан зохион байгуулсан Монгол-Америкийн хавдрын эмч, судлаачдын Олон улсын хуралд Монос Группийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг үйлдэлтэй шинэ бэлдмэлийн молекул биологийн судалгааны дүнг хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг татлаа.


Эм судлалын хүрээлэнд 1996 оноос эхлэн хавдрын эсрэг үйлдэлтэй “Эллипин” шинэ бэлдмэлийг  биотехнологийн аргаар үхрийн элэгнээс гарган авч судалж байгаа юм. Академич Л.Хүрэлбаатар, Академич Ц.Оюунсүрэн нарын удирдлагаар Доктор З.Одгэрэл, А.Баянмөнх зэрэг эрдэмтэд Биологийн хүрээлэнгийн молекул биологийн лаборторид уг эмийн молекул биологийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.


Судалгааны эхний шатанд Элиппин нь элэгний хавдрын эсийн хуваагдал, адгези, шилжилт хөдөлгөөн зэрэгт нөлөөлж, хавдрын эсийг апоптозид оруулдаг болохыг нь тогтоожээ. Хавдрын эсийн ген, геномд хэрхэн үйлчилж байгааг тогтоох хоёр дахь шатны судалгаагаар Элиппин нь хавдрын эсийн генийн экспрессийг бууруулснаар эсийн трансмембраны уургийн нийлэгжилтийг саатуулан хавдрын эс хоорондын наалдах, холбогдох шинжийг дарангуйлж хавдрын эсийг үхжилд оруулах нөлөөтэй болохыг тус тус тогтоожээ.
Уг судалгааны дүнг хуралд оролцсон Америк, Монголын эрдэмтэд өндрөөр үнэлжээ.


М.Гал-Арив