sonin.mn

САНА. /NHK/. Йеменийн Засгийн газар болон лалын шиит босогчид НҮБ-ын зуучлалаар яаралтай гал зогсоох гэрээнд гарын үсэг зуржээ. Гэвч хэтийн төлөв тодорхой бус учраас засгийн газрын эсрэг хүчин зэвсгээ хураалгахыг эсэргүүцэж байгаагаа мэдээлжээ.

Йемен улсын хойд нутагт байрлах лалын шиит босогчид  есдүгээр сар гарснаас хойш нийслэл Санад засгийн газрын хүчний эсрэг тэмцэж байна. Мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ.

Босогчид засгийн газрын зарим барилга болон улсын телевизийн станцыг эзлэн авчээ. Мөн тэд нисэх онгоцны буудал орох замыг хаасан байна.

Ням гарагт хоёр талын төлөөлөгчид ерөнхийлөгчийн ордонд уулзаж, НҮБ-ын тусгай элчээр зуучлуулан албан ёсоор эвлэрэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөргөлдөөнийг яаралтай зогсоох, нэг сарын дотор шинэ үндэсний эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулах талаар гэрээнд дурджээ.

Нийслэл хотод болж буй цуст мөргөлдөөнийг зогсоохоор гэрээнд гарын үсэг зурлаа гэж Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади мэдэгдээд, гэрээг хэрэгжүүлэхээ амласан байна.

Босогчид эзлэн авсан засгийн газрын барилгаас гарч эхэлсэн тухай тус улсын төрийн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Гэвч байдал тодорхой бус хэвээр байна. Босогчид гарсан газрыг засгийн газрын хяналтад орох хүртэл зэвсгээ хураалгахгүй гэж засгийн газрын эсрэг хүчин мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг