sonin.mn

ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба БНСУ-ын Одон орон сансар судлалын хүрээлэн /KASI/ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км зайтай Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуран суурилуулах ёслолын үйл ажиллагаа маргааш болно.

Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, автомат сүүлийн үеийн төхөөрөмж бөгөөд дэлгэгдэж онгойдог хагас бөмбөлгөн дээвэртэй павилонд байрлуулжээ. БНСУ нь төрөл бүрийн зориулалттай 15 орчим хиймэл дагуул ашигладаг. Тэд хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох гэх мэт судалгааны ажилд уг дуранг ашиглах юм.

Манай талаас дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл зэрэг олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой учраас энэ чиглэлээр хамтарсан ажиглалт хийх, харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зэргээр хамтран ажиллахыг зорьж байгаа аж.

Түүнчлэн БНСУ-ын төлөөлөгчид маргааш Одон орон, геофизикийн судалгааны төвд байрлах  "Од эрхсийн ордон"-той танилцах юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг