sonin.mn

ВАШИНГТОН. /АР/. Афганистанд үндэсний эв нэгдлийн Засгийн газар эмхлэн байгуулах зөвшилцөлд хүрсний дараа улсынх нь аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын гэрээнд удахгүй гарын үсэг зурна гэдэгт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри найдаж буйгаа илэрхийлжээ.

2014 оныг дуустал Афганистаны нутаг дэвсгэрт Америкийн 10 мянган цэрэг үлдэх боломж олгох гэрээнд улс төрийн хямралын эцэст Ерөнхийлөгчийн албан тушаалыг орхих Хамид Карзай гарын үсэг зурахаас татгалзсан билээ.

Афганистанд зургадугаар сарын 14-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн дараа улс төрийн хямрал эхэлжээ. Сонгуульд өрсөлдсөн Абдулла Абдулла, Ашраф Гани нар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэд хоёул луйвар хийсэн гэж бие биенээ буруутгасан байна.

Гэвч үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай гэрээнд есдүгээр сарын 21-нд гарын үсэг зурснаар, эрх мэдлийг хуваажээ.

Ашраф Гани Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших бол Абдулла Абдулла сайд нарын танхимын тэргүүнийг сонгох эрхтэй болсон байна. Энэ албан тушаалд тэрбээр өөрийгөө томилж магадгүй байна.

Шинэчлэл явуулахад ахиц дэвшилтэд хүрэх боломж Афганистанд бий боллоо гэж тус улсын хямралыг зохицуулахад идэвхтэй тусалж байсан Жон Керри мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг