sonin.mn

Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар хатагтай Андроулла Вассилиоу тэргүүтэй төлөөлөгчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Монгол Улсын Засгийн газар, Европын комисс хоорондын хамтын ажиллагаа үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Улмаар өнөөг хүртэлх хугацаанд бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж Европын улс хоорондын найрсаг харьцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.   Хатагтай Вассилиоу Европын Холбооноос дээд боловсролын чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

Үүнд:  
· 2014 оноос өмнө дээд боловсролын салбарт хэрэгжиж байсан Эрасмус хөтөлбөрийг "Эрасмус +" хөтөлбөр болгон өргөжүүлж, зөвхөн Европын холбооны улсуудаас гадна гадаад улс орнуудын иргэд сурахыг дэмжих болсон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд улс орнуудын их, дээд сургуулиуд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ оюутан, судлаачдын солилцоог 6-12 сарын хугацаатай дадлага хийлгэх замаар харилцан мэдлэг, ур чадвар, технологийн талаарх туршлагаа хуваалцах боломжтой болно.

· "Мария Склодовска-Кьюри"-гийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг тэтгэлэг дээд боловсролыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегид онцгой байр суурь эзэлж байгаа. Тус хөтөлбөр нь залуу судлаачдыг дэмжих зорилготой. Оюутнууд хамтарсан докторын зэргийн сургалтанд хамрагдаж болно.  

Энэхүү уулзалтын үр дүнд Европын комиссоос хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулах ажлыг ойрын хугацаанд хоёр тал хамтран Монгол Улсад зохион байгуулахаар тохирлоо. Мөн Монгол Улс, Европын комисс хоорондын хамтын ажиллагаа цаашид ч улам батжин, бэхжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ.